"Харилцан суралцъя" бүсийн анхдугаар чуулган боллоо
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулган 2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хурлын танхимд боллоо.
Чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар, аймгуудын ЗДТГ-ын боловсролын төсвийн болон худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, түүнчлэн төслийн зорилтот 10 сургуулийн захирал, багш, эцэг эх, төрийн бус байгууллагын 60 гаруй төлөөлөгч оролцов.
“Харилцан суралцъя” чуулганы төлөөлөгчид төслийн хугацаанд өөрсдийн сурч мэдсэн мэдлэг, олсон мэдээлэл, хуримтлуулсан арга туршлага, алдаа оноогоо ярилцан хэлэлцэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Төслийн зорилтот аймаг, сум, сургуулиудад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүд болох Сайн сургуулийг дэмжих аргачлал, Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлалын дагуу үнэлгээ мониторинг хийж, Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулжээ.
Сургуулийн эцэг эх, багшийн холбоо нь багш, эцэг эхийг сургуулийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцдог, асуудлыг хамтран хэлэлцдэг, шийдлийг олоход туслах үр дүнтэй, шинэ хэлбэр юм. Түүнчлэн сургуулийн нийт хамт олон, багш, сурагч, эцэг эх хамтран сургуулийнхаа тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам нь Сайн сургуулийг дэмжих аргачлал гэж үзэж байна.
Шинээр боловсруулсан “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг итгэлцэлд суурилан нягтлахуй” аргачлал нь аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны бүхий л үйл явцад иргэдийг татан оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах үр дүнтэй бүтээлч арга хэрэгсэл юм.
Төслийн зорилтот Архангай аймгийн IV сургууль, Өлзийт сумын сургууль, Булган аймгийн 1-р сургууль, Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургууль, Улаан-Уул сумын сургуульд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулагдсан.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын сургууль, Булган аймгийн Бугат, Орхон сумын сургууль, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Цагаан-Уул сумын эцэг эх, багш, сурагчдын хамтарсан баг Сайн сургуулийг дэмжих аргачлалаар сургуулийнхаа засаглал, сэтгэл зүй, материаллаг орчныг үнэлэн, сургуулиа сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Архангай аймгийн “Мэдлэгийн сүлжээ”, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Булган аймаг дахь салбар, Хөвсгөл аймгийн “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” төрийн бус байгууллагууд Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлалаар аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод байдалд үнэлгээ хийж байна.
Оролцогч талууд төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ. Иймд оролцогч бүх тал боловсролын чанартай үйлчилгээний төлөөх хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал юм.
Глоб Интернэшнл төв
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр