Удаан хүлээсэн хөлбөмбөгийн талбай

2018-09-12
Хэвлэх

Сайн туршлага №1

Ховд аймгийн Жаргалант сумын 3-р сургуулийн СЭЭБХ-ны гишүүд, сургуулийн хамт олон хамтран Сайн сургуулийг дэмжих аргачлал (CСДА)-ыг хэрэгжүүлснээр нэн тэргүүнд сургуулийн гадна орчныг сайжруулж, биеийн тамирын зааланд засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Иймээс СЭЭБХ сургуулийн захиргаатай хамтран сургуулийн төсвийн төсөлд засвар, тохижилтийн зардлыг тусгасан боловч батлагдаагүй учраас СЭЭБХ-ны гишүүд өөрсдийн санаачлагаар төсөл бичиж, санхүүжилт хайхаар санаа шулууджээ. 

Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр хөлбөмбөгийн талбайтай болсон нь

СЭЭБХ-ны гишүүд сургуулийн гадна орчныг сайжруулахад санхүүгийн дэмжлэг  үзүүлдэг төсөл, хөтөлбөрүүдийг сургуулийн захиралтай хамтран судалжээ. Ингэснээр  Мини талбайн төсөл боловсруулан Азийн хөлбөмбөгийн холбоонд илгээсэн нь шалгарчээ. Уг санхүүжилтээр  хөлбөмбөгийн талбай байгуулснаар Жаргалант сумын хүүхэд багачууд болон сурагчдын удаан хүлээсэн хүсэл бодит биелэлээ олжээ. Өмнө нь сул шороо ихтэй, хоосон талбайд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх боломжгүй байсан бол одоо шинэхэн байгуулагдсан тохь тухтай талбайд сурагчид спортоор хичээллэх боломж бүрджээ.



Сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөгийг биеийн тамирын заалны засварт олгов

Ховд аймгийн 3-р сургуулийн биеийн тамирын заалны шал хөдөлгөөнтэй, хадаас ил гарсан, хувцас солих өрөөгүй, спортын техник хэрэгсэл дутуу, гэрэлтүүлэг муу гэх мэт асуудлуудыг сурагчид, эцэг эх, багш нар хамтран тодорхойлжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд нийт 44,699,000 төгрөг шаардлагатайг тооцоолон гаргав. СЭЭБХ-ны гишүүд сургуулийн захиралтай хамтран нөлөөллийн уулзалт зохион байгуулсан ч аймгийн удирдлага, ИТХ-аас санхүүжилт олгох боломжгүй гэсэн хариу сонсчээ.

Гэсэн ч СЭЭБХ-ны гишүүд шантралгүй, асуудлыг шийдэх гарцыг хайсаар байсан гэдгээ онцолсон юм. Үүний үр дүнд тэд орон нутгийн сум хөгжүүлэх сангаас 5 сая төгрөг олгох шийдвэр хүлээн авав. Ийнхүү шаардлагатай хөрөнгийг бүрэн батлуулж чадаагүй ч, засвараа эхлүүлэх боломжтой болжээ. Биеийн тамирын заалны шалыг нэн тэргүүнд солих шаардлагатай хэмээн үзэж, засварын ажлыг эхлүүлээд байна.


“Үр хүүхэд, сурагчдынхаа сурах орчин нөхцлийг сайжруулж, тэднийхээ мөрөөдлийг бага ч болтугай биелүүлсэндээ СЭЭБХ-ны гишүүд бид бүхэн баяртай байгаа. Цаашид хөлбөмбөгийн талбайгаар ч зогсохгүй бүрэн спорт цогцолбор талбайтай болохыг зорьж ажиллах болно оо” хэмээн тус СЭЭБХ-ны зохицуулагч Т.Бадамсүрэн хэлж байлаа.

Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ.

Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байна

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (2018-2021) төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 62, 63-р цэцэрлэг, 55-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 91, 158-р цэцэрлэг, 74-р сургуулийн хамт олонтой (эцэг эх, сурагчид, багш, ажилтнууд) хамтран ажиллаж байна.

"Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагааны үр дүн

Энэхүү танилцуулгаас "Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага" төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх товч мэдээллийг авах боломжтой.