Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-г чадавхжуулах сургалт боллоо

2018-10-11
Хэвлэх

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-г чадавхжуулах сургалт 2018 оны 10 сарын 1,2-ны өдрүүдэд боллоо. Үйл ажиллагааны чиглүүлэгчээр “Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур дүүрэг дэх салбарын зохицуулагч Ц.Цогзолмаа, хөтөлбөрийн ажилтан Т.Амарзаяа нар ажиллалаа.

СЭЭБХ ба сургуулийн захирлын хамтын ажиллагаа

Үйл ажиллагааны эхний өдөр Мөнххаан сумын сургуулийн захирал Г.Ганболдтой уулзаж СЭЭБХ-той хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл солилцлоо. Тэрээр нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн бүртгэл дээр хяналт тавих ажлыг СЭЭБХ-той хамтран хийжээ. Учир нь нэгдүгээр ангид сурагчид элсэн орох үеэр эцэг эхчүүд “хүүхдээ сайн багшийн ангид өгнө” хэмээн хошуурдаг. Тиймээс энэ жил бага ангийн багш нараар сурагчдын нэрсийг сугалан хуваарилах журам гаргажээ. Ингэхдээ аль болох төлөөлөл хангах зарчмыг бодолцож, малчин өрх, төвд амьдардаг хүүхдүүдийг тэнцүү тоогоор нэг ангид байлгахаар хуваарилахыг зорьжээ. Үүнд СЭЭБХ-ны гишүүд хяналт тавьж ажилласан байна.

Мөн захирлын зүгээс цаашид сургуулийн үдийн цайны тендерийн шалгаруулалтад СЭЭБХ-г хяналт тавьж оролцуулах, аймгийн төвд зохион байгуулах худалдан авах ажиллагааны сургалтад СЭЭБХ-ны зохицуулагч Т.Шинэбаярыг суулгахаар тус тус төлөвлөж байгаагаа хэллээ. Үүнээс гадна хоёр өдрийн турш зохион байгуулах Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА)-ын үр дүнтэй танилцахыг хүлээж буйгаа илэрхийлээд, СЭЭБХ-той хамтран ажиллах, орон нутгийн удирдлагуудад эцэг эх, багш нарын дуу хоолойг хүргэх шинэ боломж хэмээн онцоллоо.

СЭЭБХ тулгамдаж буй асуудлуудаа ССДА-ыг ашиглан тодорхойллоо

Үүний дараа ССДА-ыг хэрэгжүүлэх хамтарсан багийг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулан ажиллалаа. Үүнд СЭЭБХ-ны сонгуульт албан тушаалтнууд болон сургуулийн эцэг эхийн төлөөлөл, 2 ажилтан, 3 сурагчийг урьж оролцуулан сургуулийн материаллаг орчны үнэлгээг хийсэн байна. Энэ үеэр сургуулийн гэрлийн монтаж болон анги танхимын агааржуулалт, ариун цэвэр муу, ариун цэврийн өрөө болон цэвэр усны хүртээмж муу, мэдээллийн самбарын чанар сул, ашиглах боломжгүй гэх мэт олон асуудал байгааг гишүүд олж харжээ.


Үйл ажиллагааны хоёр дахь өдөр сэтгэл зүйн орчин болон засаглалын орчны үнэлгээг хийсэн байна. Бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын явцад гарсан нийтлэг асуудлууд сургууль доторх уур амьсгал, засаглалын орчны дарамт шахалт гэхээс илүү Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэргээс маш их шалгалт ирдэг бөгөөд шалгалт бүрээр сургуулийн орчин хангалтгүй, стандартад нийцэхгүй гэх мэтээр цоо шинэхэн баригдсан цэцэрлэгийн барилгатай харьцуулан загнах, орчин нөхцлийг өөрчлөх шаардлагууд тавьдаг нь маш их дарамт үүсгэдэг гэж багш, ажилтнууд дуу нэгтэй хэлж байлаа. ССДА-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтарсан багийн гишүүдэд чиглүүлэгч нар нэмэлт тайлбарууд өгч, баримт бичгийн боловсруулалт хийх зөвлөмжийг өглөө. 


СЭЭБХ бүх гишүүдийн хурлаа зохион байгууллаа

Мөн энэ өдөр СЭЭБХ-ны Бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, цаашид ажиллах боломжгүй болсон удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, нөхөн  сонгуулийг зохион байгуулж, шинэ гишүүдийг сонгуулийн журмын дагуу сонгож, томиллоо. “Мөнххаан сумын эцэг эх, багш нар бүх гишүүдийн хуралд маш идэвхтэй оролцсон. Ялангуяа сонгуулийн үеэр хүн бүр хариуцлагатай хандаж байгаа нь СЭЭБХ-ны зорилго, ач холбогдлыг мэдэрч байгаагийн илрэл юм” хэмээн чиглүүлэгч Т.Амарзаяа хэллээ.  

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-ны УЗ-ийн бүрэлдэхүүн:

СЭЭБХ-ны зохицуулагч – Т.Шинэбаяр (эцэг эх)

Удирдах зөвлөлийн дарга – Б.Ганганцэцэг (багш)

Удирдах зөвлөлийн гишүүн – Д.Баттуул (багш)

Удирдах зөвлөлийн гишүүн – М.Ариунжаргал (багш)

Удирдах зөвлөлийн гишүүн – О.Март (эцэг эх)

Удирдах зөвлөлийн гишүүн – Д.Алтансувд (эцэг эх)

Удирдах зөвлөлийн гишүүн – Ө.Аварзэд (эцэг эх)

Удирдах зөвлөлийн гишүүн – И.Батбаатар (эцэг эх)

Удирдах зөвлөлийн гишүүн – С.Мөнхбаатар (эцэг эх)



Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.