Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлийн форумд СЭЭБХ-ны сайн туршлагыг танилцууллаа

Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлээс жил бүр зохион байгуулдаг форум энэ жил АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны төв байранд 10 сарын 30-аас 11 сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү форумын үеэр Монгол Улсыг төлөөлж “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн менежер Ц.Халиун, “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн ахлах зөвлөх Д.Хишигбуян, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн хөтөлбөрийн ажилтан Г.Ганцэцэг нар оролцлоо. Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэн ажиллаж буй олон улсын иргэний нийгмийн байгууллага, боловсрол, бизнесийн чиглэлээр төрөөс үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд ажиллаж буй манлайлагчдыг урьж оролцуулан, харилцан туршлага солилцох нь форумын гол зорилго юм.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн менежер Ц.Халиун
Глоб Интернэшл төв ТББ, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 8 аймгийн 28 сумын 31 сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-д байгуулсан юм. Нийгмийн эгэх хариуцлагын түншлэлийн форумын үеэр төслийн менежер Ц.Халиун СЭЭБХ-дын онцлох сайн туршлага, сургамжийг олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөлд танилцууллаа. Тухайлбал Ховд аймгийн Алтай сумын СЭЭБХ орон нутгийн удирдлагуудтайгаа хамтын бүтээлч оролцоотой ажиллаж Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сурагчдын ширээ сандлыг шинэчилсэн туршлага, Булган аймгийн Бугат сумын СЭЭБХ захиралтайгаа хамтран хичээлийн шинэ байр барих зардлыг төсөвт тусгасан тухай, мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ дотуур байрны сурагчдын сурлагын амжилтыг ахиулах зорилгоор багш нартайгаа хамтран ажиллаж байгаа зэрэг сайн туршлагуудыг онцлон танилцуулсан юм. Мөн форумын үеэр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн ахлах зөвлөх Д.Хишигбуян СЭЭБХ-ны боловсролын салбарт гүйцэтгэх үүргийг бататган дэмжихээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 31 СЭЭБХ-нд тэтгэлэг олгох тухай шийдвэрийг танилцууллаа.
“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн ахлах зөвлөх Д.Хишигбуян
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр