“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн сургамж, сайн туршлага хуваалцах чуулган боллоо

2018-11-04
Хэвлэх

Энэхүү үр дүнгийн чуулганд БСШУСЯ болон Авлигатай тэмцэр газар, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд оролцлоо. Мөн Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн Монгол, “Good Neighbors Mongolia”, Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл, “Бодлогод залуусын оролцоо” ТББ, Энх нийгэм ТББ, “Боловсролын хөгжлийн түлхүүр сан” ТББ-ын төлөөллүүд оролцсон байна. Үүнээс гадна төсөл хэрэгжиж буй зорилтот 8 аймаг болох Архангай, Баян-Өлгий, Булган, Ховд, Хөвсгөл, Увс, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга болон төлөөллүүд, сургуулийн захирал, СЭЭБХ-ны гишүүд зэрэг 140 орчим зочид, төлөөлөгчид чуулганд оролцлоо. 


Чуулганыг нээж Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежерийн үүрэг гүйцэтгэгч Жеан-Паскаль Н.Нгану үг хэлсэн юм. Тэрээр Дэлхийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл”-өөс нийт байгуулсан 31 СЭЭБХ-нд 2000 ам.долларын тэтгэлэг олгох тухай баяртай мэдээг чуулганы нээлтийн үеэр хэллээ. Мөн “Энд хуран цугласан багш, эцэг эхчүүд та бүхэн Монголын боловсролын салбарын эгэх хариуцлагын түүчээлэгчид боллоо” хэмээн тодотгон хэлж амжилт хүссэн юм. Нээлтийн үйл ажиллагааны дараа Глоб Интернэшнл төвийн менежер Ц.Халиун төслийн үйл ажиллагааны үр дүнг танилцуулав.


СЭЭБХ-дын сайн туршлага, сайн сургуулийг дэмжих аргачлалын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө    

Хөтөлбөрийн эхний хэсэгт “Сургуулийн эцэг эх, багшийн холбоодын сайн туршлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Булган аймгийн Эрдмийн-Өргөө цогцолбор сургуулийн захирал Н.Янжмаа, Ховд аймгийн Алтай сумын СЭЭБХ-ны зохицуулагч Х.Шинэбаяр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ-ны гишүүн С.Нарангэрэл, Булган аймгийн Булган сумын СЭЭБХ-ны гишүүн А.Буянбат, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р СЭЭБХ-ны зохицуулагч Н.Бямбадулам нар СЭЭБХ-дын сайн туршлага, үр дүг, сургамжаа хуваалцсан юм.  


Дараагиийн хэлэлцүүлгийн хэсэгт “Сайн сургуулийг дэмжих аргачлалын хэрэгжилт, ач холбогдол” сэдвийг онцолсон байна. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Толбо сумын сургуулийн захирал Б.Даулет, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын СЭЭБХ-ны зохицуулагч Э.Чулуунбаатар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын СЭЭБХ-ны зохицуулагч Т.Шинэбаяр, Увс аймгийн Тэс сумын СЭЭБХ-ны зохицуулагч Ж.Агиймаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р СЭЭБХ-ны зохицуулагч В.Норжин нар хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид “Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлснээр өмнө нь огт анзаарч байгаагүй зүйлсийг олж хардаг болсон. Сургуулийн орчинд ямар нэг болж, бүтэхгүй зүйлийг харах болгондоо үүнийг засаж сайжруулах юмсан гэсэн сэтгэлтэй болсон. Энэ хандлагын хүчээр СЭЭБХ-ны гишүүд хамтдаа нэг зорилготой ажилладаг” хэмээн хэлж байлаа.  


Боловсролын төсөв ба иргэдийн оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ  

Төслийн үйл ажиллагааны бас нэгэн зорилтот чиглэл бол аймгийн боловсролын төсвийг нягтлах үйл ажиллагаа юм. Иргэд төсвийн үйл явцад оролцохын тулд мэдээлэлтэй байх шаардлагатай. Сургуулийн төсвийн зарцуулалтыг ил тод тайлагнах “Тунгалаг төсөв” самбарыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуульд байрлуулан, сар бүр тогтмол хөтөлсөн. Тус самбарыг хэвлүүлж, аймгийн бүх сургуульд байрлуулах зардлыг БСУГ-ын төсөвт тусгасан байна. Мөн Ховд аймгийн “Сурах чадварыг бэхжүүлэх төв” ТББ-аас санаачлан “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал”-ыг хэрэгжүүлснээр Төрийн албан хаагчдын хуулиар хүлээсэн үүрэг, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн. Тухайлбал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл олж авах эрх”-ийн тухай хуулийн сургалтыг аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан гэх мэт жишээг дурдаж болно. 

Энэ ажлын хүрээнд чуулганы дараагийн хэсэг “Боловсролын төсөв ба иргэдийн оролцоо” сэдвээр үргэлжилсэн юм. Хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн БСУГ-ын төсвийн мэргэжилтэн Н.Далайжаргал, Ховд аймгийн “Сурах чадварыг бэхжүүлэх төв” ТББ-ын төслийн мэргэжилтэн Б.Батзол, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагч С.Энэбиш нар оролцож, боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны талаар ярилцлаа. 


Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж чуулганд идэвхтэй оролцож байлаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид болон чуулганд оролцож буй холбогдох мэргэжлийн хүмүүс асуултад хариулж, зөвлөгөө өглөө. Тухайлбал “ИТХ-д иргэдийг оролцуулдаггүй, бид оролцъё гэхээр манай дотоод журмын дагуу гадны хүнийг оролцуулахгүй гэдэг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?” гэсэн асуултад АТГ-ын мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш хариулсан юм. Тэрээр хэлэхдээ “ИТХ-д иргэд оролцох ёстой. Хуулиас давсан хязгаарлалт тогтоож байгаа ямар нэг дүрэм журам байвал АТГ-т хандаж хянуулах боломжтой. Мөн үүнээс гадна ил тод байдлыг хаалттай болгож, хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг АТГ-т хандаж шалгуулж болно” гэлээ. 

Хэлэлцүүлгийн дараа Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-г 2018 оны 10 сарын 23-нд байгуулсантай холбогдуулан “СЭЭБҮНХ-ны боловсролын салбарт гүйцэтгэх үүргийг бататгах нь” сэдвээр бүлгийн ажил зохион байгуулж, санал солилцсон юм. Чуулганы төгсгөлд СЭЭБХ-дод батламж гардуулж, Глоб Интернэшнл төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал хаалтын үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Орон нутагт ялангуяа суманд байгуулсан хамгийн хүчтэй хүй олон бол СЭЭБХ юм. Өмнө нь сургуулийн асуудал зөвхөн захиралд хамаатай байсан бол одоо СЭЭБХ гэсэн тулах цэгтэй боллоо. Тиймээс сургуулийн захирал, орон нутгийн удирдлага, боловсролын салбарын төлөөлөл та бүхэн СЭЭБХ-ны үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.