Боловсролд эцэг эхийн оролцоо

2020-03-20
Хэвлэх

Эцэг эх бид сургуулийн үйл ажиллагааг дан ганц сургуулийн удирдлага, багш, ажилтнуудын үүрэг, хариуцлага гэж ойлгож тэр бүр идэвхтэй оролцдоггүй. Эцэг эхийн хуралд сууснаа л оролцоод байна гэж ойлгодог. Харин энэ байдлыг өөрчлөх зорилготой байгуулагдаад удаагүй сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоодын (СЭЭБХ) гишүүн  эцэг эх, багш нар сургуулийн удирдлага, ажилтан, бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

 СЭЭБХ гэж юу вэ?

СЭЭБХ нь тухайн сургуулийн сурагчдын эцэг эх, багш нар хүүхдийнхээ сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага юм. Дэлхийн банкны санхүүжилтээр Глоб Интернэшнл Төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хамтран хэрэгжүүлсэн “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” (2014-2018) төслийн хүрээнд монгол улсын төв, баруун, зүүн бүсийн 8 аймгийн (Архангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар) алслагдсан сумдын 31 СЭЭБХ байгуулагдсан.

Хүндрэл бэрхшээл юу байв?

Дээрх сумын сургуулиудтай хамтран ажиллах явцад сургуулийн удирдлага, багш нар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж, сургуульд нь ямар асуудлууд байгааг олж хардаггүй, бүх л зүйл болж бүтэж байна, асуудалгүй, асуудал байсан ч ил гаргах хүсэлгүй, муу ажилладаг, муу сургууль нэр зүүх вий гэсэн хандлага ажиглагдсан. Энэ утгаараа сургуулийн удирдлага, зарим багш, ажилтнууд СЭЭБХ-г миний ажлыг хянах, шалгах үйл ажиллагаа явуулах нь гэсэн болгоомжлолтой байсан.

Эцэг эх, иргэд ч сургууль бол захирлын байгууллага, өөрсдөөс нь хол хөндий, надад хамаагүй гэсэн хандлагатай байв. Тухайлбал, энэ тухай Сайн сургуулийг дэмжих аргачлалыг (ССДА)[1] анх удаа хэрэгжүүлсэн 10 СЭЭБХ-ны 6 хамтарсан багийн тайланд төрийн албан хаагч эцэг эхийн зүгээс сургуулийн асуудал бидэнд хамаагүй, өөрсдийнхөө ажлыг биднээр хийлгэх нь, эцэг эх, багш нарын зүгээс амжихгүй, завгүй, чадахгүй, би оролцсон, оролцоогүй ялгаагүй гэсэн хандлагатай хариу өгч байсан учраас ССДА-ыг хэрэгжүүлэх хамтарсан багаа бүрдүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсч, мөн цагтаа цугларахгүй байх тохиолдлууд их гарч цаг алдаж байсан талаар дурджээ.

Харин ССДА-ыг хэрэгжүүлж дууссаны дараа би оролцох хэрэгтэй юм байна, хүүхдийнхээ төлөө миний ч дуу хоолой хэрэгтэй, намайг урьж оролцуулсанд баярлалаа, бидэнд хамтдаа хийх ажил их байгаа юм байна, сургуулийн асуудал ганц захирлын асуудал биш, бидэнд ч хамаатай юм байна гэсэн ойлголт, хандлага нэмэгдсэн тухай тайландаа бичсэн байдаг.

СЭЭБХ нь нийгмийн эгэх хариуцлагыг бий болгодог.

Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн элементүүд болох бүтээлч хамтын оролцоо (шүүмжлэх биш), баримт нотолгоонд тулгуурлах (арга хэрэгслийг ашиглах) хэрэгжилт, хяналтын чиглэлээрх хамтын ажиллагаа (зөрчилдөх биш) олон төрлийн оролцогч талуудын, ялангуяа ашиг шим хүртэгчдийн харилцан түншлэл (эцэг эх, багш, сурагчид, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага гэх мэт) “эргэх холбоог бий болгох” итгэл үнэмшил, бодит шаардлага дээр тулгуурласан үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага гэдэг байна.[2]

СЭЭБХ-ны гишүүн эцэг эх, багш нар хамтран ССДА-аар сургуулийнхаа засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны цогц үнэлгээг жил бүр хийж, хүүхэд, багш, ажилтнуудад сургуульдаа сурч ажиллахад ямар асуудлууд байна гэдгийг тодорхойлж, сургуулиа дэмжих төлөвлөгөө гарган ажилладаг.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р СЭЭБХ-ны Зохицуулагч, багш В.Норжин “Бид СЭЭБХ-гоо 2018 оны 5-р сард байгуулж, ССДА-ыг анх удаа хэрэгжүүлсэн. Материаллаг, сэтгэл зүй, засаглалын орчны 3 баг ажиллаж, гарсан асуудлаар захиралд зөвлөмж бичиж танилцуулсан. Энэ зөвлөмжийн дагуу сургуулийн материаллаг орчинд өөрчлөлт их гарсан. Ангиудын цонхыг вакумжуулж, дулаан алдалт багассан. Материаллаг орчинд өөрчлөлт гарахаар сэтгэл зүйн уур амьсгал ч дагаад сайжирч байна. Манай сургуулийн мэдээллийн самбар аймгийн сургуулиудын хэмжээнд 3-р байранд ордог учраас бид засаглалын орчны үнэлгээ маш сайн гарна гэж бодож байсан ч үр дүн нь эсрэгээрээ гарсан. Иймээс энэ орчны асуудлыг шийдэхэд анхаарах хэрэгтэй байгааг ойлголоо” гэж ярьсан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон цогцолбор СЭЭБХ ССДА-ын хэрэгжүүлэлтээс зөвлөмж боловсруулж захирал Н.Энхтуяад хүргүүлсэн. Захирал зөвлөмжийг багш, ажилтнуудын хуралд танилцуулснаар СЭЭБХ-ны талаарх багш нарын ойлголт, хандлага сайжирсан. Урьд нь ажиллаж байсан сургуулийн Эцэг эхийн зөвлөл нь өөрсдийн санаачилгаар үйл ажиллагаа явуулдаггүй, сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан учир үр дүнгүй байжээ. Ийнхүү СЭЭБХ 2018 оны 9-р сарын 25-наас үйл ажиллагааны мэдээллээ хүргэж эхэлсэн учир багш, эцэг эх, ажилтнууд мэдээлэл сайтай болж тэдний оролцоо хангагдаж эхэлж байна.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын СЭЭБХ хөвгүүдийн дотуур байрын асуудлыг аймгийн удирдлагуудад нөлөөллийн уулзалтын үеэр 2 жил дараалан тавьж, 75 сая төгрөгийн засварын төсвийг шийдүүлсэн.  Тус сургуулийн сургалтын менежер Т.Сурах “СЭЭБХ манай сургуульд байгуулагдсанд их баяртай байна. Тэд шүүмжлээд хараад суух биш сургуулийн ажилд гар бие оролцон асуудлыг шийдэж байна” гэж хэлсэн.

СЭЭБХ олон талуудтай хамтарч ажилладаг.

СЭЭБХ сургуулийн төсвөөс хэтэрсэн асуудлыг сум, аймаг, үндэсний түвшинд тавьж шийдвэрлүүлэхэд санаачилгатай ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын СЭЭБХ сургуулийн засаглалын орчныг сайжруулах зорилгоор “Сургуулийн дүрэм”-ийг эцэг эх, багш, сурагч, ажилтнуудын саналыг авч шинэчлэн боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавих зөвлөлийг байгуулан, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой ажилласан. Мөн сумын ЗДТГ, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй сургуулийн тулгамдсан асуудлаар уулзалт зохион байгуулах үед “Улаантайгын ундарга” компанийн захирал Б.Батбаяр “СЭЭБХ–ны гишүүд та бүхний хичээл зүтгэлээр нутгийн иргэд, эцэг эх бид нар сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлыг мэдэж авлаа. Сургуулийн бага ангийн сурагчид хичээллэдэг 3- р хичээлийн байрны 3б ангийн хаалгыг шинээр хийж, тохижуулж өгөх хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлж, мөн “Алтан тагна” ХХК–ны захирал М.Батсүх, Соном - Өрнөх” ХХК-ны захирал Д.Ганбаатар нар ангиудын хаалга, цонхыг шинэчилж өгсөн байна.

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ “Орон нутгийн удирдлагууд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байдаг ч төслөөс материаллаг дэмжлэг илүү хүсдэг. Энэ асуудал СЭЭБХ байгуулан ажиллаж буй уг төслийн хүрээнд өөрчлөгдөж байна. СЭЭБХ-ны гишүүн эцэг эх, багш нар сургуульд тулгамдаж байгаа асуудлаар сумын удирдлагуудад нөлөөллийн уулзалтыг зохион байгуулснаар материаллаг зүйлсийг өөрийн орон нутгийн боломж бололцоогоор шийдэж байна. Тухайлбал, сургуулийн дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх 6 сая төгрөгний төсвийг сумын ИТХ-аас шийдүүсэн. Мөн 10 сая төгрөгийн санхүүжилт хийж, сурагчийн ширээ, сандлыг шинэчилсэн. СЭЭБХ-ны гишүүн, эцэг эхийн төлөөлөл сургуулийн асуудлыг шийдүүлэхээр сум, орон нутгийн удирдлагуудад хандахад аль болох шийдвэрлэж өгөх хандлагатай байдаг” тухай ярилаа.

Булган аймгийн Бугат сумын СЭЭБХ-ны ССДА-ыг хэрэгжүүлсэн тайланд сурагч, багш, ажилтнууд сургууль дээрээ их айдастай байдаг талаар бичсэн байв. Учир нь сургуулийн  бүх хананд цууралт өгч нурах дөхсөн, үйл ажиллагаа явуулах боломжгүй, хаах шаардлагатай гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газрын бичигтэй, захирал ганцаараа олон удаа асуудал болгон тавьсан ч шийдэгдээгүй, өөр аргагүй тул сургалтаа явуулсаар байсан байна. Тус сумын СЭЭБХ-ны гишүүд 2017 онд шинэ сургуулийн барилгын төсөв батлуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нөлөөллийн ажил зохион байгуулж, 2019 онд шинэ сургууль ашиглалтанд орсон бөгөөд бусад СЭЭБХ-ны гишүүд ч сургуулийн төсвийн талаар мэдлэгтэй болж, сурагчийн сурлагад нөлөөлж байгаа олон асуудлаар орон нутгийн удирдлагуудад дуу хоолойгоо хүргэн, талуудтай бүтээлчээр хамтран ажиллаж байна.

СЭЭБХ-ны үйл ажиллагааны үр дүнд гарч байгаа хандлагын өөрчлөлтүүд

Төслийн үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээг 2018 оны 10 сард Хараат Бус Судалгааны Хүрээлэнгийн (IRIM) судалгааны баг зорилтот хоёр аймгийн 6 сум (Ховд аймгийн Алтай, Жаргалант, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул, Улаан-уул, Цагааннуур сум)-ын ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, эцэг эх болон аймгийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, орон нутгийн ТББ-уудын төлөөллүүдийг хамруулан 16 хагас бүтэцлэгдсэн ярилцлага, 18 бүлгийн ярилцлагаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийн гүйцэтгэсэн юм. Үнэлгээний тайланд дурдсанаас авч үзвэл:

Сургуулийн удирдлага, багш нарт гарсан өөрчлөлт

Төслийн хүрээнд СЭЭБХ-нд багш нарыг элсүүлэх, зорилго, үйл ажиллагаагаа таниулах, ССДА-ын тухай мэдлэг, ойлголт өгснөөр сургуулийн удирдлагатай хамтран ажиллах эцэг эхчүүдийн идэвх нэмэгдсэн байна. Багш нартай хийсэн бүлгийн ярилцлагад дурдсанаар, СЭЭБХ-ны үйл ажиллагаанд сургуулийн удирдлага болон эцэг эхчүүдийн оролцоо ихээхэн дэмжлэг үзүүлсэн. СЭЭБХ нь идэвхитэй ажиллаж буй сургуулиудын хувьд  эцэг эхчүүд сургалтын орчныг сайжруулах, анги танхим тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сурагчидтай ажиллах зэргээр бага ангийн багш, мэргэжлийн багш нарт туслан сургалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. Энэ нь багш нарын ажлын ачааллыг бууруулж, сургалтын агуулгадаа илүү анхаарал хандуулах, хүүхдийг гэртээ болон сургуулийн орчинд хөгжүүлэхэд эцэг эхийн тусламж дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлсэн байна. Эндээс үзвэл СЭЭБХ байгуулагдсан нь багш нарын ажлын ачаалал, ажиллах нөхцөлийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулжээ.

Сургууль, багшийн үйл ажиллагаа, хандлагад гарсан өөрчлөлт

Төслийн ӨМНӨ

Төслийн ДАРАА

Төсөв санхүүгийн ил тод байдал  муу байсан

Сургуулийн төсөв санхүүг  танилцуулах самбар гаргаж,  багш нар сургуулийн жилийн тайлантай танилцдаг болсон. 

Багш, эцэг эхийн хамтын ажиллагаа муу байсан

Сургууль-багш-эцэг, эхийн хоорондох харилцааны сул талыг авч хэлэлцэж сайжруулсан.

Багшийн ажлыг ойлгох байдал бага байсан

Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр багшийг ойлгох, багшийг ойлгосноор цаашлаад сургуулийг ойлгох болсон. Багшийн зарим нэг ажлыг эцэг эхчүүд гүйцэтгэж, багшийн ачаалал бага зэрэг хөнгөвчлөгдөх болсон. Хамгийн чухал нь багш, эцэг эхийн ойлголцлыг сайжруулсан.

Сургуулийн удирдлага зөвхөн багш нартай хамтран ажиллаж, хүүхдүүдэд юу тулгамдаж байгааг төдийлөн мэддэггүй байсан

СЭЭБХ бий болсноор  сургуулийн удирдлага, багш нар хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг мэддэг болсон

Сургуулийн орчны үнэлгээ хийгддэггүй, эцэг эхчүүдийн оролцоо байхгүй байсан

Сургуулийн гадаад, дотоод орчны үнэлгээ хийж тулгамдсан асуудлаа тодорхойлж түүнийгээ шийдвэрлэхэд багш нар оролцох болсон.

Сургуулийн сурлагын амжилт ялгарахуйц байгаагүй.

Манай сургуулийн сурагчид олимпиад болон ЭЕШ-ын амжилт жилээс жилд нэмэгдэж байгаа

Аймгийн сонсох утсанд сургуультай холбоотой гомдол санал их ирдэг байсан.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш сургуультай холбоотой гомдол санал эрс буурсан

 

Эцэг эх, хүүхдүүдэд гарсан өөрчлөлт, үр нөлөө


Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдээр сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг үнэлүүлэхэд тэдний олонхи нь эерэг (маш сайн, сайн) үнэлгээ өгсөн байна. СЭЭБХ-ны үйл ажиллагааны үр дүнд эцэг эх, багшийн хоорондын мэдээллийн урсгал сайжирч, СЭЭБХ-ны гишүүн эцэг эхчүүдийг багт хувааж ажиллуулах, хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдэн, эцэг эхчүүдийг идэвхижүүлэх, оролцуулах санаачилгууд бий болсон байна.  Мөн зорилтот сургуулиудын СЭЭБХ-ны үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэд, эцэг эхчүүдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа талаар ярилцлагадаа дурдсан байна. Төслийн үр дүнд СЭЭБХ-ны үйл ажиллагаа нь илүү идэвхитэй, эцэг эхчүүдийг өргөн хамруулсан, илүү зохион байгуулалттай, шинэ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, шинэлэг аргачлалаар ажиллаж байна гэж үнэлгээний тайланд дурджээ.

Хэдийгээр дээрх төсөл дууссан ч төслийн тогтвортой байдлыг хангах, СЭЭБХ-дын үйл ажиллагааг чиглүүлэн удирдлагаар хангах зорилготой Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ) 2018 оны 10-р сард байгуулагдан, гишүүн байгууллагууд болох 31 СЭЭБХ-г нэгтгэн ажиллаж байна. Бид байгуулагдаад удаагүй ч Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, “Боловсролын чанарын шинэчлэлд эцэг эхийн оролцоо” төслийг хэрэгжүүлж байна.

 


"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.

Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байна

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (2018-2021) төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 62, 63-р цэцэрлэг, 55-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 91, 158-р цэцэрлэг, 74-р сургуулийн хамт олонтой (эцэг эх, сурагчид, багш, ажилтнууд) хамтран ажиллаж байна.