Сайн сургуулийг дэмжих аргачлал
Сайн сургуулийг дэмжих аргачлал нь боловсролын чанарт чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл болох сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг орчин дахь тулгамдсан асуудлыг сургуулийн хамт олон, эцэг эхчүүд, иргэний нийгмийн байгууллага, сонирхсон иргэдийн оролцоотой тодорхойлж, сайн сургууль болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой эгэх хариуцлагын арга хэрэгсэл юм.
Энэ аргачлалыг сурагч, эцэг эх, багш, сургуулийн захирал, үйлчлэгч зэрэг сонирхсон иргэн, байгууллага хэн ч ашиглах боломжтой энгийн, хялбар, ойлгомжтой байдлаар бичсэн, боловсруулсан юм.
Аргачлалыг орон нутаг, сургуулийн нөхцөл байдал, хэрэгцээнд тохируулан өөрчлөн ашиглаж болдог давуу талтай юм.
Яагаад сургуулийн ЗАСАГЛАЛЫН ОРЧИН-ыг үнэлэх шаардлагатай вэ?
Сургуулийн шийдвэр гаргах бүхий л үйл явцад багш, сурагч, эцэг эх, ажилтан болон сургуулийн зөвлөл, сурагчдын өөрөө удирдах байгууллага оролцдог, хамтран зөвшилцдөг, хамтран зөвлөлддөг байх учиртай. Иймд сургуулийн дүрэм, журам ойлгомжтой, тодорхой, нээлттэй эсэх; удирдлагын тогтолцоо хариуцлагатай, ил тод, нээлттэй, ардчилсан эсэх; мөн сурагч, багш, эцэг эх, аж ахуй, үйлчилгээний ажилтнуудын дуу хоолой сургуулийн амьдралыг жолоодох үйл явцад нөлөөлж чаддаг эсэхийг үнэлэх болно.
Сайн сургуулийн ЗАСАГЛАЛЫН ОРЧИН-ы шалгуур, үзүүлэлт
Яагаад сургуулийн СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН-ыг үнэлэх шаардлагатай вэ?
Хүүхдүүд сургууль дээрээ ямар мэдрэмж, сэтгэгдэлтэй байна, тэр нь өсөлт хөгжил, сурлагын амжилтад нь нөлөөлдөг. Түүнчлэн багш, захиргааны болон бусад ажилтан ямар сэтгэгдэлтэй байгаа нь сургуулийн өдөр тутмын ажил, үйл ажиллагаа, нэр хүндэд нөлөөлөх болно. Тиймээс бид сургуулийн сэтгэл зүйн орчныг үнэлэн, нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай юм.
Сайн сургуулийн СЭТГЭЛ ЗҮЙН ОРЧИН-ы шалгуур, үзүүлэлт
Яагаад сургуулийн МАТЕРИАЛЛАГ ОРЧИН-ыг үнэлэх шаардлагатай вэ?
Боловсролын чанарыг тогтвортой сайжруулах нэг гол чухал нөхцөл шаардлага бол сургалтын орчныг сайжруулах явдал. Хүн бүрийн сурах, хөдөлмөрлөх эрх хангагдсан, сэтгэл ханамжтай үр бүтээлтэй ажиллах эрүүл, аюулгүй орчин хэр бүрдсэнээс сургалтын чанар шууд хамаардаг.
Сайн сургуулийн МАТЕРИАЛЛАГ ОРЧИН-ы шалгуур, үзүүлэлт
АРГАЧЛАЛЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
Алхам 1: АРГАЧЛАЛЫН ЗОРИЛГО, ЗАРЧМЫГ ТАНИЛЦУУЛНА
Сургуулийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эх, сурагчийн төлөөлөлд аргачлалын зорилго, зарчмыг танилцуулна. Сонирхсон хүмүүсийг Сайн сургуулийг дэмжих аргачлалын сургалтанд хамруулна.
Алхам 2: ХАМТАРСАН БАГ БАЙГУУЛНА
Сургалтанд оролцогчдоос 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг байгуулна. Хамтарсан багт дараах бүлгийн төлөөллийг аль болох бүрэн оролцуулна. Үүнд:
Сурагчид – дотуур байрны, сурагчдын өөрөө удирдах байгууллагын гишүүн, ахлах дунд, 4-5 хүүхэд байна. Хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарна.
Эцэг эх – малчин, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнхийн төлөөллийг оролцуулахад анхаарна.
Багш, захиргааны болон аж ахуй, үйлчилгээний ажилтан – бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөллийг нас, ажлын туршлага, хүйсийн тэнцвэртэйгээр оролцуулна.
Орон нутгийн засаг захиргаа – боловсрол хариуцсан хэлтэс, хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн байцаагч, боловсролын хэлтсийн төлөөллөөс оролцуулахыг хичээнэ.
Иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд – жишээлбэл, хүүхдийн эрх, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн бус байгууллага, бүлгүүд буюу ашиг сонирхлоороо нэгдсэн иргэд байна.
Түншлэгчид, гэрээлэгчид – орон нутагт боловсролын чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, тухайн сургуультай хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгж зэрэг төлөөлөл байж болно.
Алхам 3: БЭЛТГЭЛ ХАНГАНА
Олон талын төлөөлөлтэй хамтарсан баг байгуулсны дараа багынхаа зорилго, зарчим, үнэт зүйлсээ бүгдээрээ ярилцаж ойлголцоно.
Хамтарсан багийн гишүүдэд Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлэх зорилго, ач холбогдол, лын талаар нэгдсэн ойлголт, мэдлэгтэй болохын тулд хагас өдрийн семинар зохион байгуулна.
Аргачлалыг хэрэгжүүлэх хугацаа, хэн ямар ажлыг ямар хугацаанд хариуцан хийх ажил үүргийн хуваарь, төлөвлөгөө /загвар хүснэгт/ гаргана. Жишээ нь: сургууль, дотуур байраар явж ажиглалт хийх, баримт бичигт дүн шинжилгээ хийх, асуулга авах, ярилцлага хийх гишүүд асуултуудаа ярилцаж ойлголтоо нэгтгэх зэргээр хариуцсан ажлын дагуу уулзах хэрэгтэй.
Бэлтгэл ажилтай холбоотой дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Алхам 4: АРГАЧЛАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Сайн сургуулийг дэмжих аргачлалын тусламжтай сургуулийн засаглалын, сэтгэл зүйн, материаллаг орчин дахь тулгамдсан асуудлыг олохын тулд дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
Баримт бичигт шинжилгээ хийх
Ажиглах
Бүлгийн ярилцлага хийх
Ганцаарчилсан ярилцлага хийх
Асуулга авах
1. Баримт бичгийн шинжилгээ
Хамтарсан багийн гишүүд сургуулийн дотоод журам, сурагчдын дүрэм, төлөвлөгөө зэрэг бусад баримт бичигтэй танилцаж загвар хүснэгт 3-т тэмдэглэн, хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулна.
2. Материаллаг орчны ажиглалт
Сайн сургуулийн материаллаг орчны шалгуур үзүүлэлтэд буй шалгуур, нөхцөлүүдийг хангасан эсэхийг өнөөгийн байдалтай харьцуулан, учир шалтгааныг тодруулж дүнг загвар хүснэгт 4-ийн дагуу нэгтгэн, зөвлөмж боловсруулна.
3. Бүлгийн ярилцлага
Бүлгийн ярилцлагыг сургуулийн сэтгэл зүйн ба засаглалын орчинг үнэлэхэд голлон ашиглах ба материаллаг орчны талаар нэмэлт мэдээлэл авахын тулд асуулт нэмж оруулж болно. Бүлгийн ярилцлагын дүнг загвар хүснэгт 5-ын дагуу нэгтгэнэ.
Бүлгийн ярилцлагыг дараах байдлаар зохион байгуулна.
Сурагчдын 2 бүлэг: сурагчдын өөрийн удирдлагын байгууллага болон сурагчдын төлөөлөл
Эцэг эхийн 2 бүлэг: ахлах-дунд, бага ангийн төлөөлөл
Багш нарын 2 бүлэг: хоёр бүлэг: ахлах-дунд, бага ангийн төлөөлөл
Ажилтаны 1 бүлэг
Бүлэг тус бүрээс асуух чиглүүлэх асуулт
4. Ганцаарчилсан ярилцлага
Захирал, нийгмийн ажилтан тусад нь ярилцлага хийх нь сэтгэл зүйн орчны талаар нэмэлт мэдээлэл авах, асуулгыг тодотгох зорилготой юм.
Чиглүүлэх асуулт
5. Асуулга
Асуулга авах анкет нь сургуулийн засаглалын орчин, сэтгэл зүйн орчин, материаллаг орчин гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Асуулгыг захирал, 20 багш, 20 эцэг эх, 20 сурагчаас бүрт нь зориулсан дөрвөн өөр анкетаар авна. Дүнг загвар хүснэгт 6-ын дагуу нэгтгэнэ.
Алхам 5: ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН ГАРГАХ, ХЭЛЭЛЦЭХ
Сайн сургуулийг дэмжих аргачлалаар сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг орчинд хийсэн бүх үнэлгээний дүнг нэгтгэн НЭГДСЭН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ боловсруулна. Аргачлалыг хэрхэн хэрэгжүүлсэн тайланг загвар хүснэгт 7-ын дагуу гаргана.
Алхам 6: ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН ТАНИЛЦУУЛАХ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ
Орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эх, сурагчид зэрэг олон талын төлөөллийг урьж НЭГДСЭН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ танилцуулах уулзалт зохион байгуулна.
Нэгдсэн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн сургуулиа дэмжих төлөвлөгөө боловсруулж /загвар хүснэгт 8/ сургуулийн хамт олон энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтарсан төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Сайн сургуулийг дэмжих үйл ажиллагааны зарим жишээ, зөвлөмж
Сайн сургуулийг дэмжих аргачлалыг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.
Аргачлалтай холбоотой асуудлаар pta_project@all4education.mn холбоо барина уу.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр