Эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж байна

2019-04-19
Хэвлэх

Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо нь Щвейцарын хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтарсан  санхүүжилттэй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” (2018-2021) төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 62, 63-р цэцэрлэг, 55-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 91, 158-р цэцэрлэг, 74-р сургуулийн хамт олонтой (эцэг эх, сурагчид, багш, ажилтнууд) хамтран ажиллаж байна.

Энэхүү төсөл нь зорилтот сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор барилгын засвар шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлнэ. Сургуулийн эцэг эх, багшийн үндэсний нэгдсэн холбоо (СЭЭБҮНХ)-ны зүгээс сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн ажлыг чанартай гүйцэтгэх явцад эцэг эхийн оролцоотой хяналт тавих үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, багш, ажилтан, удирдлагуудтай хамтран ажиллах мэдлэг, ойлголт, чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд төлөөллийг хангасан, жендерт суурилсан хамтарсан багаар Сайн сургуулийг дэмжих аргачлал, Сайн цэцэрлэгийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлж, байгууллагынхаа засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны үнэлгээг хийлээ. Үнэлгээний нийтлэг дүнгээс дурдвал:

·  Засаглалын орчны асуулгын дүнд эцэг эх, багш, ажилтнууд “Цэцэрлэгийн зөвлөл” ажиллах тухай мэдлэггүй, цэцэрлэгийн дүрэм, журам зэрэг бичиг баримт бүрэн, үүнд эцэг эхийн оролцоог хангах талаар зүйл заалтууд байдаг, дүрэм, журам батлахдаа багш, ажилтнуудаас санал авдаг боловч эцэг эхээс санал авдаггүй, мэдээлэл өгөх байдлаар хязгаарладаг, эцэг эхчүүдийн дунд тэмцээн, уралдаан зохион байгуулж, хандив авсныг хүүхдийнхээ төлөө үйл ажиллагаанд оролцуулж байна гэж үзсэн. Мөн удирдлагуудын зүгээс багш, ажилтнуудад төсөв, худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл өгдөг. Харин эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгийн төсвийг мэдэхгүй гэж ихэнх нь хариулсан, зөвхөн эрхлэгч, захирал, нягтлан бодогчийн мэддэг, хийх ажил гэсэн хандлагатай байна.

· Сэтгэл зүйн орчны хувьд, цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдтэй хийсэн бүлгийн ярилцлагад цэцэрлэгтээ явах дуртай, найзуудтайгаа тоглодог, багшдаа хайртай, тоглоомоор тоглох дуртай гэсэн бол гэр цэцэрлэгт дургүй, машинаас айдаг, машины утаанд дургүй, автобусаар хол явж цэцэрлэгтээ ирдэг нь таалагддаггүй, хичээлийн хэрэглэл шүүгээнд байхад дургүй гэж хариулсан байна.

· Материаллаг орчны ажиглалтаар өвөл хүйтэн (зарим ангиуд 10-12 цельсийн градустай байдаг), дусаал гоожсон, хөгцөрсөн, мөөгөнцөртсөн ангиуд байдаг, зарим ангиудад хурц ирмэгтэй зүйлс байна, гадна гэрэлтүүлэг муу, сүүдрэвч, сандал, тоглоом хуучирсан, эвдэрсэн, машины зогсоол байхгүй гэсэн байна.

Үнэлгээний дүнд үндэслэн эцэг эх, сурагч, багш, ажилтнуудаас бүрдсэн хамтарсан багийн гишүүд сургууль, цэцэрлэгтээ тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлон “Дэмжих төлөвлөгөө” боловсруулж удирдлагуудтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:

· Засаглалын орчин: Цэцэрлэгийн зөвлөл байгуулах, эцэг эхчүүдэд сургуулийн төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл өгөх, цэцэрлэгийн дүрмийг талуудын оролцоотой шинэчлэн боловсруулах, багш, эцэг эх, сурагчдын саналыг үндэслэн сургуулийн “Багш, ажилтны ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх

· Сэтгэл зүйн орчин: Хамтарсан баг эцэг эхчүүдэд “Хүмүүжлийн эерэг арга сургалт” зохион байгуулах, сэтгэл зүйчтэй хамтран эцэг эх, сурагчдид, дотуур байрны хүүхдүүдэд оношилгоо хийж, оношилгооны дүнд суурилсан сургалт явуулах, сэтгэл зүйч эцэг эхчүүдэд хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар сургалт хийх

· Материаллаг орчин: Цэцэрлэгийн ангиудад байгаа хурц ирмэгтэй зүйлсийг эцэг эхийн оролцоотой аюулгүй болгох, сургуулийн ойр орчмын явган хүний замыг засаж сайжруулах, тэмдэг тэмдэглэгээ хийх, цэцэрлэгийн хүүхдийн гэрээсээ цэцэрлэгтээ ирэх, буцах замын “Аюулгүй байдлын зураглал” гаргах, ангийн ариун цэврийн өрөөний шалыг хальтиргаагүй, аюулгүй болгон засах ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хамтарсан багийн гишүүн эцэг эхчүүд үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож байгаад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд талархан хүлээн авч байна. Мөн дээрх дэмжих үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн хамтарсан багийн гишүүд бусад эцэг эхчүүдээ зохион байгуулж, оролцоог ханган ажиллах юм.

Төслийн хүрээнд үе шаттай үйл ажиллагааг зохион байгуулах явцад эцэг эх, иргэдийн мэдлэг ойлголттой, утга учиртай оролцоо нэмэгдэж, “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүлээгдэж буй гол үр дүн болох орон нутгийн түвшинд нийгмийн салбарын дэд бүтэц, түүний дотор сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын бүх шатны үйл явц ил тод, үр дүнтэй, жендерийн мэдрэмжтэй, тогтвортой болоход хувь нэмрээ оруулна гэж бид үзэж байна.

 

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.