Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй байлгах үүрэгтэй

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль УИХ-ын чуулганы 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдаж 12 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн.
6 бүлэг, 25 зүйл бүхий энэ хууль
• Төрийн байгууллагуудад мэдээллээ нээлттэй байлгах үүрэг ногдуулж
• Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан юм.
Асуулт: Энэ хуулиар төрийн ямар байгууллагуудын мэдээлэл нээлттэй, ил тод болох вэ?
Хариулт: Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна. Үүнд:
• Улсын Их Хурлын Тамгын газар;
• Ерөнхийлөгчийн Тамгын газар;
• Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;
• Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;
• төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;
• бүх шатны шүүх, прокурорын байгууллага;
• Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;
• нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
• төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
• Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;
• Олон нийтийн радио, телевизийн байгууллага;
Асуулт: Дээрх төрийн байгууллагуудад ямар мэдээллийг ил тод байлгах үүрэг ногдуулсан бэ?
Хариулт: Хуулийн 6-р зүйлд төрийн байгууллагад дараах дөрвөн төрлийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэг болгосон байна. Үүнд:
- үйл ажиллагаа
- хүний нөөц
- төсөв, санхүү
- төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа
Хуулийн 7, 8, 9, 10 дугаарт зүйлд дээрх төрлийн мэдээллийн ил тод байдлыг хангахад авах арга хэмжээнүүдийг тус бүрд нь дэлгэрэнгүй заасан байна. Тухайлбал:
Үйл ажиллагааны ил тод байдлыг (зүйл 7.1) хангах чиглэлээр дараах мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгожээ.
- эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтэц
- үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь
- үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт
- үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар
- шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл
- төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл
- тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацаа
- салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээлэл
Асуулт: Төрийн байгууллагууд дээрх мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бэ?
Хариулт: Төрийн байгууллагуудын нээлттэй, ил тод болгох мэдээллүүдийг тухайн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгосон.
Мэдээлэл нь олон нийтийг мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байх бөгөөд тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчилж байхыг үүрэг болгосон байна.
Асуулт: Хуулиар төрийн байгууллагуудад ямар мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод байлгахыг хориглосон бэ?
Хариулт: Хуулийн 4 дүгээр бүлэгт зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглосон. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодит үндэслэл
- Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шалгагдаж буй асуудалтай холбоотой бол
- Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол
- Олон улсын гэрээ хэлэлцээр, байгуулах явцтай холбоотой бол
- Хууль тогтоомжид заасан бусад
- Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр задлах
- Хувь хүн бичгээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд түүний нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулах
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж, хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг эрх бүхий этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг бүрэн эхээр нь энд дарж татаж авч болно.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр