Нийгмийн эгэх хариуцлага гэж юу вэ?

2016-06-28
Хэвлэх

Иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг нь ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага гэнэ.

Аccountability хэмээх англи үг монголоор ЭГЭХ ХАРИУЦЛАГА гэсэн үг юм. Эгэх гэдэг монгол үг нь хойш урагш ирэх, буцах тасралтгүй үйл явцыг илэрхийлдэг. Энэ утгаар нэг талаас иргэн байнга төртэй, нөгөө талаас төр нь байнга иргэнтэйгээ ярилцаж, хэлэлцэж, зөвлөлдөж, зөвшилцдөг байх тасралтгүй харилцах үйл явцыг илтгэнэ.

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл боловсролын салбарт энэ харилцааг сайжруулан бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Үүний тулд “Оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эгэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ” хэмээн төслийн баг үзэж байна.



Бүтээлч хамтын оролцоо нь нийгмийн эгэх хариуцлагын үйлдлээр дамжуулан төрийн зохих байгууллагуудтай солилцсон, хэлэлцсэн, мөн зохицуулсан ажил хэргийн үйл явц, эргэх холбоог хангах тухай билээ. Энэ бол өөрчлөлтийг эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээ үзүүлэгчдийг татан оролцуулж нөлөөлөл хийх хандлага юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.