Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага
“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг
Боловсролын чанарыг дээшлүүлэх асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Боловсролд хангалттай сайн биш ч тодорхой хэмжээний төсөв хөрөнгө зарсаар байгаа ч олгож байгаа боловсролын үйлчилгээнд иргэд сэтгэл дундуур байна.
2015 он гэхэд Боловсролыг бүх нийтэд олгох зорилт, бага боловсролыг бүх нийтэд олгох Мянганы хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарч хүртээмж нэмэгдсэн боловч олон мянган хүүхэд уншиж бичих, тоо тоолох наад захын чадваруудад суралцахгүй байгаад иргэний нийгмийн байгууллага санаа зовж байна. Монголд анги дүүргэлт хэтрэх, олон ээлжээр хичээллэх, багшийн чанар муудах, сургалтын хэрэглэгдэхүүн хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан боловсролын амжилт, чанар буурч байна.
Төсвийн мөнгөний зарцуулалтын үр өгөөжгүй байдал, авлигыг бууруулах болон төрөөс олгож байгаа боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд төрийн албан хаагчдын эгэх хариуцлагыг сайжруулахад иргэд, нутгийн хамт олны гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой болохыг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгмийнхэн хүлээн зөвшөөрч байна.
Боловсролын засаглалын үйл явцыг боловсронгуй болгох, боловсролын үйлчилгээний үр дүнг сайжруулах, хөрөнгө нөөцийг хуваарилах шийдвэрийг оновчтой болгоход төрийн үйлчилгээний салбар ба иргэний нийгмийн баримтлах гол хандлага, арга зүй нь нийгмийн эгэх хариуцлагын механизм болоод байна.
Хэрэв бид боловсролын засаглал талаас нь авч үзвэл, боловсролын салбарт эгэх хариуцлага1 хангалтгүй байгаа нь үүний гол шалтгаан гэж хэлэх гээд байна. Тэгвэл эгэх хариуцлага гэж бид “үйлчилгээ үзүүлэгчдээс шууд эсвэл өөрийн төлөөлөл, эсвэл ИНБ-уудаар дамжуулан авч байгаа үйлчилгээгээ илүү чанартай байлгахыг шаардах, авах иргэдийн чадавхи2”-ийг ойлгож байна.
Боловсролын үйлчилгээ авагчдын (суралцагч, эцэг эх) сургуулийн түвшний шийдвэр гаргалт, хяналт үнэлгээнд оролцох оролцоо, боловсролын тогтолцооны ил тод, нээлттэй, хариу үйлдэл үзүүлэх байдлыг нэмэгдүүлэхэд иргэд болон тэдний төлөөллийн байгууллагын дуу хоолой, хяналтыг бий болгох, ялангуяа төсөв хөрөнгийн хуваарилалт, зарцуулалт, гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх хэрэгтэй байна.
Боловсрол дахь нийгмийн эгэх хариуцлагын механизм нь иргэд (үйлчилгээ авагчид), бодлого боловсруулагч, боловсролын үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын харилцааг ажиллуулж, бэхжүүлж өгдөг. Ялангуяа боловсролын удирдлага, санхүүжилтийн төвлөрлийг сааруулах шинэчлэл хийж байгаа өнөөгийн нөхцөлд боловсролын үйлчилгээг илүү чанартай, боловсролоос гадуурхагдсан бүлгийн болон бүс нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж хуваарилах замаар тэгш байдлыг хангах зорилгыг бодитоор хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшний шийдвэр гаргалтыг хянах, оролцох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Нийгмийн эгэх хариуцлагын хандлага арга зүй нь угаас оршин байгаа улс төр, захиргаа, санхүү, эрх зүйн хариуцлагын механизмыг орлохгүй бөгөөд нэмэлт үүрэг гүйцэтгэнэ. Иргэд төрөл бүрийн механизм, арга хэрэгслийг ашиглан төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгах чиглэлээр хийж байгаа үйлдэл, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, болон нийгмийн бусад тоглогчдоос эдгээр хүчин чармайлтыг дэмжих үйл явц гэж ойлгож болно.
Боловсролын үйлчилгээн дэх эгэх хариуцлагын бүрэлдэхүүн хэсгүүд
Бодлогын түвшинд - Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүд, чанартай үйлчилгээнд тэгш хүртээмжтэй байх
• Төрийн бодлогын чиглэл зөв үү? Боловсролыг бүх нийтэд, эсвэл сургалтын төлбөр байх уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг эмзэг орхигдсон бүлгийг тэгш хамруулах бодлого уу, эсвэл нийгмийн элит хэсэгт чанартай боловсролыг хүртээмжтэй болгох уу?
• Төрийн бодлогын арга хэмжээнүүдийн цаад үзэл санаа бүх нийтэд ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн үү? Үндэслэн боловсруулсан үнэт зүйлс, хэм хэмжээ хүлээн зөвшөөрөгдсөн үү? Иргэд, үйлчилгээ авагчдын хүсэл эрмэлзэл хэлэлцэгдэж тусгагдсан уу?
• Бодлогын арга хэмжээнүүд хүссэн үр дүндээ хүрсэн үү? Зохих байдлаар хэрэгжиж байна уу?
• Бодлогын зорилтуудын хяналт үнэлгээ, шинжилгээний мэдээлэл олон нийтэд ил болж, хэлэлцэгдсэн үү?
Стратегийн түвшинд - Салбарын хэмжээнд буюу Яам нь шинэчлэлийн багцын стратеги төлөвлөлт, хэрэгжилт, хяналт үнэлгээг хийх замаар бодлогыг зангидан үйл ажиллагаа явуулах
• Бодлогын арга хэмжээнүүд төсвийн хуваарилалтад, хууль эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтад, бүтцийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгалаа олсон уу?
• Салбарын бодлогын өөрчлөлтүүд төлөвлөснөөрөө хэрэгжсэн үү? Хүлээгдэх үр дүн, үр нөлөө нь гарсан уу?
• Боловсролд хуваарилагдсан төсвийн дагуу зарцуулалтууд хийгдсэн үү? Төсвөөс хуваарилсан хөрөнгө нөөц ямар хэмжээгээр эцсийн хэрэглэгчид хүрсэн бэ? Завсраас нь алга болсон уу? Зориулалтын бусаар зарцуулсан уу?
Үйл ажиллагааны түвшинд - боловсрол олгогчид, удирдлага- чанартай үйлчилгээг үр дүнтэй, үр ашигтайгаар үзүүлэх төрийн бодлого ба стратегийг хэрэгжүүлж хяналт үнэлгээ хийх
• Боловсролын үйлчилгээ үзүүлэх байдал: хүртээмж, хүрэлцээ, үр ашиг, үр дүн, стандарт, гарц
• Боловсролын гүйцэтгэлд мониторинг хийх, үйлчилгээ хүргэх явцад иргэний нийгмийн ба өөрийгөө зохицуулагч байгууллагын зүгээс (боловсролын ассоциаци) хяналт тавих
1 - Англиар “accountability" гэсэн үг, хариуцлагатай хольж ойлгодог тал бий.
2 - Дэлхийн хөгжлийн илтгэл, 2004
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр