Булган аймгийн 1-р сургуулийн эцэг эх, багшийн холбооны анхны ардчилсан сонгууль

Булган аймгийн 1-р Сургуулийн эцэг эх, багшийн холбооны (СЭЭБХ) бүх гишүүдийн анхдугаар хурал 2016 оны 9-р сарын 21-ний өдрийн 15:00-17:00 цагт сургуулийн урлаг зааланд болсон юм. Энэ чухал, түүхэн үйл явдлыг хөндлөнгөөс ажигласан чиглүүлэгчдийн багийнханд бахархалтай, сайхан мэдрэмж төрснөө хуваалцъя.
СЭЭБХ-ны гишүүдэд СЭЭБХ-ны үлгэрчилсэн дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, хурлын дараалал зэргийг багтаасан хавтас өгсөн тул хурал эхлэхийг хүлээх зуураа уншиж, аль хэдийн ойлголттой болсон байлаа.
Товлосон цаг болж СЭЭБХ-ны 74 гишүүнээс 38 нь ирснээр ирц 51,3%-д хүрсэн гэж үзээд үндсэн бүлгийг төлөөлж Л.Оюунзаяа хурлыг нээж хурал даргалагч сонгохыг гишүүдэд санал болгов. Хурал даргалагчаар аймгийн ТББ-ын ажилтан Ч.Ариун сонгогдож, бүх гишүүдийн хурал албан ёсоор эхэллээ.
Энэ мөчөөс л багш, эцэг эхчүүд гайхамшигтай хамтран чадах юм байна гэдгийг олж харав. СЭЭБХ-ны зохицуулагчид нэр дэвшигчдийг сонгохоос өмнө зарим эцэг эхийн саналаар хуралд ирсэн 38 гишүүн бие биетэйгээ танилцсан юм. Энэ саналыг дийлэнх нь дэмжсэн болохоор тэд нэг нэгээрээ ээлжлэн босч, хүүхэд нь аль бүлэгт сурдаг, ямар ажил эрхэлдэг зэргээр өөрийгөө товч танилцуулав.
Ингээд СЭЭБХ-ны зохицуулагчид нэр дэвшүүлэх ажил эхэллээ. Хүн бүр өөрийн нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаа хүнийхээ нэрийг хэлэх аргаар 4 хүн үлдэж, тэд нэр дэвшихийг зөвшөөрөв.
Нэгэн аав ”нэр дэвшсэн хүмүүстэй дэлгэрэнгүй танилцаж, зохицуулагч болохыг хүсч байна уу?, туршлага, цаг завтай эсэхийг нь асууя” гэсэн санал гаргасныг гишүүд ч дэмжсэн тул 4 нэр дэвшигч бүх гишүүдийн өмнө гарч өөрсдийгөө танилцуулав.
Дараа нь саналын хуудас тараах, нууц санал хураах, тоолох зэргээр ардчилсан сонгуулийн зарчмын дагуу бүхий л үйл явц боллоо. Тооллогын комисс нэр дэвшигч бүрээр авсан саналыг уншиж сонсгоход хамгийн олон буюу 54%-ийн саналаар Ж.Эрдэнэцэцэг Булган аймгийн 1-р Сургуулийн эцэг эх, багшийн холбооны зохицуулагчаар сонгогдсон юм.
СЭЭБХ-ны зохицуулагч Ж.Эрдэнэцэцэг Би залуу ээж, бас малчин. Манайх Орхон суманд байдаг. Гэхдээ хоёр хүүхэд маань энэ сургуульд сурдаг. Би ажилгүй болохоор энд зохицуулагч хийх боломжтой гэж бодож байна. Гэхдээ намайг малчин гээд хасчих вий гэж бас айж байна. Манайх малчинтай, нөхөр бид хоёр ойр ойрхон төв рүү орж ирдэг болохоор битгий санаа зовоорой гэж хэлсэн юм.
Үүний дараа СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнд нэг аав өөрийгөө нэр дэвшүүлж, санал хураах үйл явц өрнөж, 4 эцэг эх, 2 залуу багш сонгогдов. Мөн дотоод хяналтын зөвлөлд дахин нэг аав өөрийгөө нэр дэвшүүлснээр 4 хүнээс 1 багш, хоёр эцэг эх дотоод хяналтын хорооны гишүүнийг сонгогдов.
Ийнхүү эцэг эхчүүд, багш нар хамтран анх удаа Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулах сонгуульд манлайлан оролцож, дүрмийн дагуу бүх үйл явцаа амжилттай дуусгалаа.
Хуралд зориг гарган өөрсдийгөө нэр дэвшүүлж, санал бодлоо илэрхийлж, саналаа өгч, саналаа тоолж, тогтоол бичиж, баталж, харилцан ярилцаж, саналаа нэгтгэн анхдугаар хурлаа амжилттай хийлээ.
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ажилтан Т.Амарзаяа
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл”-ийн ЕБС хариуцсан мэргэжилтэн З.Цогтгэрэл
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр