Дунд боловсролын салбарт чанарын бодит шинэчлэл хийх хэрэгтэй байна
Боловсролын удирдлагын магистр Гунгаагийн Баянзул
Олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт улам бүр өргөжин хөгжиж шинэ техник технологийн хэрэглээнд хөтлөгдөн бид мэдлэгийн эдийн засагт шилжсээр байна. Бекер 20-р зуунд капиталист үйлдвэржилтийг цөөн хэдэн элитүүд удирдаж байсан цаг үетэй харьцуулахад өнөөгийн улс үндэстнүүдийн хөгжил цэцэглэлт нь хувь хүмүүсийн ур чадвар, мэдлэг боловсрол, шинэ санаа санаачлагад тулгуурласан “хүний хөгжлийн эрин үе” хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн боловсрол бол зөвхөн эдийн засгийн өрсөлдөөний гол хүчин зүйл төдийгүй нийгмийн шударга ёс, нэгдмэл байдлын үндэс суурь хэмээн үзэж нийгэм, эдийн засгийн бодлогод энэ үзэл санаа нь тусгалаа олж байгаа юм.
Улс орнууд боловсролын удирдлага, менежментээ хөгжүүлэн боловсронгуй болгох, үндэсний боловсролын өрсөлдөх чадвараа сайжруулах, сургуулиудын удирдах ажилтны ур чадварыг хөгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулан тууштай ажиллаж байна. Суралцагчдыг чадварлаг иргэд болж хөгжиж төлөвшихөд багшийн заах арга зүй, мэдлэг, ур чадвар чухал гэж үздэг хэвшмэл ойлголт бидэнд байдаг. Харин сайн сургуулиудтай байхын тулд сургуулийн удирдлагад ажиллагсдыг чадваржуулах, боловсролын салбарт төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний хөгжлийг тууштай дэмжих зорилго тавин ажилласнаар нийгэм, эдийн засгийн хөгжилд үлэмж хувь нэмэр оруулна гэсэн байр сууринаас хандаж энэхүү өгүүллийг толилуулж байна.
Танилцуулга
1920-1990 он хүртэлх 70 орчим жилийн хугацаанд манай орны дунд боловсролын систем Зөвлөлт Холбоот Улсын (ЗХУ) загвараар хөгжиж ЗХУ болон бусад социалист орнуудын сургалтын загварын ололт амжилттай талуудыг хуулбарлан дууриах маягаар системийн шинэчлэл хийж ирсэн гэж судлаачид үздэг. Тэртээ 1990 оны эхээр социалист систем задарч энэ лагерт байсан ихэнх улс орнууд нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжилт хийх нэлээд сорилт бэрхшээлтэй тулгарсан юм. Манай улсад мөн ардчилсан нийгмийг байгуулах үйл явц эхэлж нийгмийн бүх салбарт шинэчлэл өөрчлөлт явагдав.
Улс орнууд өөрсдийн эдийн засгаа хөгжүүлэх мэдлэг мэдээлэл, ур чадвар, шинэ санаачлагын өрсөлдөөнд анхаарлаа хандуулцгааж, дунд сургуулиуд, коллеж, их дээд сургуулиуд болон тинк-танк байгууллагууд, судалгааны төвүүд өрсөлдөх чадвараараа амжилтад хүрэхийн төлөө шийдлийн эрэлд гараад байгаа юм. Үүний нэг илрэл нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөөх байгууллага (OECD - Organisation for Economic Co-operation and Development), Олон улсын суралцагсдын үнэлгээний хөтөлбөр (PISA - Programme for International Student Assessment) болон ОУ-ын Боловсролын Нийгэмлэг (IEA - International Education Association) зэрэг байгууллагууд суралцагчдын академик сурлагын түвшинг тодорхойлох шалгалтын нийтлэг системийг буй болгохоор чармайж байгаа явдал юм. Энэ процесс нь шалгуулж байгаа суралцагсдын сурлагын үзүүлэлтийн асуудал төдий бус, тухайн улс орны боловсролын систем, сургалтын чанарыг илэрхийлэх үзүүлэлт болж хувирах төлөвтэй байна.
Манай орны хувьд 1990-ээд оноос хойш шинэ үндсэн хууль болон боловсролын мастер төлөвлөгөө, боловсролын тухай хуулиуд зэрэг бодлогын баримт бичгүүдэд боловсролын салбарыг тэргүүлэх салбараар тодорхойлж ардчиллын зарчимд суурилан хөгжүүлэх шинэчлэл хийх үндэс суурь тавигджээ. Боловсролын удирдлагын босоо тогтолцооны эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, бүтцийн өөрчлөлт хийснээр боловсролын чанар сайжирч үр дүнд хүрнэ гэж үздэг Вашингтоны Конвенцийн зарчмууд эдгээр боловсролын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байна. Боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх тухайд дээрээс төвлөрсөн удирдлагын тогтолцоог халж орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх реформ нь 1980-аад оноос хойш дэлхий даяар эрчээ авсан эдийн засгийн глобалчлал, неолиберал бодлогын үр дүн юм. Шилжилтийн үеийн төсөв, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд олон улсын байгууллагууд манай улсад зээл тусламж үзүүлж, сургалтын системийг шинэчлэх, сургуулиуд барьж байгуулах, сургалтын материаллаг баазыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлэн ихээхэн чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Онцлох олон улсын байгууллагуудыг дурдвал Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (МННХ), Европын Холбооны ТАСИС хөтөлбөр, Нордикийн Сан, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Боловсролын Секторын Хөгжлийн Хөтөлбөр болон ЖАЙКА (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг), ДАНИДА зэрэг байгууллагууд юм. Судлаачдын тэмдэглэснээр, 1997 – 2007 онуудад АХБ боловсролын бодлого төлөвлөлтөд голлох байр суурьтайгаар оролцож богино, дунд хугацааны төслүүд хэрэгжүүлэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Одоо байгаа нөхцөл байдлаа эргэн харвал боловсролын удирдлага, менежментийн тухай болон дунд боловсролын салбарын эн тэргүүнд тавигдах зүйлсийг тодруулах, улмаар боловсролын салбарын тогтвортой хөгжлийг хангахад цаашид юуг анхаарч, хийж хэрэгжүүлж засч залруулбал зохистой талаар хөндөн ярилцах хэрэгтэй байгаа юм. Манай орны хувьд өнгөрсөн хугацаанд боловсролын удирдлага, менежментийн тогтолцоог шинэчлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн актуудад олон тооны өөрчлөлтүүдийг оруулсаар ирсэн ба 2015 онд батлагдсан төрөөс боловсролын талаар баримтлах (2014 – 2024) бодлогын баримт бичигт “боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзнэ” гэж заажээ.
Удирдлага, менежментийн тухай ерөнхий ойлголтууд
Биер, Колдвэлл, Миликан нар удирдахуйн ухаан нь онолын хувьд янз бүрийн нийгэмд зуун зууныг дамжихдаа маш өргөн хүрээтэй, цогц субъектив ухагдахуун болж хувьсан өөрчлөгдсөн гэж бичсэн байдаг бол эрдэмтэд удирдах – удирдуулах үйл явцын мөн чанарын талаар бүтээлдээ өөрсдийн үзэл санаагаа дэвшүүлсэн нь нэлээдгүй бий. Удирдлага буюу удирдахуйн ухаан, удирдлагын манлайлал (англиар “Leadership”) хэмээх ойлголтыг Стогдилл “байгууллага, хамт олон, бүлэг хүмүүсийн хүрээнд бусдад нөлөөлөх үйл явц” гэж тайлбарласан бол Нортхаус “удирдахуйн ухаан бол бусдад нөлөөлөн тэднийг араасаа дагуулж өмнөө тавьсан нийтлэг зорилгодоо хүрэхийн төлөөх үйл явц юм” гэж тодорхойлжээ. Менежментийн тухай мөн олон янзын ойлголтууд байдаг ч голдуу аливаа байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, боловсон хүчний бүрдүүлэлт, төсөв тооцоо болон хяналт зохицуулалт зэргийг багтаан авч үзэх нь түгээмэл байдаг. Сүүлийн 60-аад жилд удирдахуйн ухаан болон удирдлагын манлайллын цар хүрээг томъёолж тогтоох, ангилах зорилгоор судлаачид 65 орчим төрлийн систем бүтээсэн байна. Орчин үед гарч ирж буй удирдахуйн ухааны үндсэн ойлголт, үзэл хандлага нь удирдагчийн зүгээс эрх мэдлээ хэрэгжүүлэх гэхээс илүүтэй хүний сайн сайхан, хүнлэг энэрэнгүй чанарууд сайн удирдагчийн үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлнэ, бусдад сайн хандаж тэдэнд чин сэтгэлээсээ үйлчилж дэмжлэг үзүүлэх боломж гэсэн санааг дэвшүүлсээр байна. Зарим эрдэмтэд удирдлага гэж юу болох талаар огт өөр үзэл санааг дэвшүүлж аливаа хувь хүн удирдлагад хамаарахгүй, харин тухайн байгууллага бүхэлдээ үйл ажиллагаа аль хэр оновчтой, үр дүнтэй байгаа эсэх чанар чансааг илтгэнэ гэж үзжээ.
21-р зуунд боловсролын систем болон дунд сургуулиудыг хөгжүүлэх, боловсронгуй болгоход боловсролын удирдлагын чадавхи, чансаа үлэмж шаардагдана гэж судлаачид үзэж байна. Өнгөрсөн 50-иад жилийн хугацаанд боловсрол дахь удирдлагын уламжлалт үзэл санаа нь ерөнхийдөө хувь хүн – удирдагчийн байгууллагаа хэрхэн удирдах авьяас, ур чадварын асуудал дээр төвлөрч сургуулийн захирлууд болон сургуулийн удирдлагын багийн хийж буй ажлуудаар дүгнэгдэж иржээ. Дунд сургуулийг удирдах практик, бодит амьдрал дээрх асуудлуудыг шийдвэрлэж гарц шийдэл олж ажиллахад захирал, менежерүүдийн үүрэг оролцоо шаардлага хангаж буй эсэх асуудал өнөө үед хэлэлцүүлгийн гол сэдвүүдийн нэг болж байна. Хамт олноо удирдаж байгууллагаа нийтлэг зорилгод хөтлөн ажиллах нь дүрэм журам боловсруулах, сургалтын хөтөлбөр-киррикюлум бичихтэй адил зүйл биш юм. Орчин үед байгууллагаа хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэхийн тулд хамт олныхоо чадавхийг бэхжүүлэх, манлайллын ур чадварыг хөгжүүлэхийн төлөө ажиллах нь сургуулийн удирдлагуудын ажил үүргийн нэг хэсэг болон хувирчээ. Фулланы үзэж байгаагаар 1990-ээд онд дэлхий даяар боловсролын удирдлагын ур чадварыг бэхжүүлэхэд тавих анхаарал суларч шинэ лидерүүдийг бэлтгэх, дэмжих, ур чадваруудыг нь хөгжүүлэх ажил орхигдсноос удирдлагын хомсдол нүүрлэж хямралын түвшинд хүрчээ. Иимээс маш олон байгууллагууд өөрсдийн удирдлагын зүй зохистой хөгжлийг эн тэргүүний зорилт болгон дэвшүүлж хямралыг давтахгүй байхад анхааран ажиллаж эхлэв.
Боловсролын удирдлага, менежментийг хэрхэн томьёолох, тодорхойлох тухайд ч олон ургальч үзэл санаанууд байдаг. Болам боловсролын менежментийн тухайд боловсролын бодлого боловсруулах, сургууль, сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх үндсэн үүрэгтэй гэж үзсэн бол удирдлагын талаар Кубан лидерүүд хамт олноо удирдан зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах, байгууллагадаа эерэг өөрчлөлт авчрах, үйл ажиллагаагаа сайжруулахад мөн чанар нь оршино гэжээ. Бүх шатны сургуулиудын дотоод үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтыг төгөлдөржүүлэхэд удирдлага менежментийг зөв хослуулж байж амжилтад хүрдэг ба байгууллагууд хэт их менежмент талдаа ажиллаж удирдлагын үйл ажиллагаа орхигдвол тавьсан зорилгоосоо ухарч эцэст нь мухардалд ордог байна.
Сүүлийн 20 гаруй жилд хийсэн судалгааны үр дүнд тухайн сургуулийн сургалтын үйл ажиллагааны ахиц амжилт, хамт олны дотоод уур амьсгалд сургуулийн түвшний удирдлагууд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна. Дунд сургуулийг удирдах, сайн ажиллуулахад удирдлагын олон төрлийн арга барилууд хэрэглэх нь үр дүнтэй байдаг гэдэгтэй боловсрол судлаачид санал нэгдэж байгаа юм. Гэхдээ сургуулийн удирдлагуудын ажил үүргийн эхлэлийн цэг нь суралцагчдыг чармайн суралцах, хичээл зүтгэлтэй, итгэл үнэмшилтэй иргэн болж төлөвшихөд нөлөөлөх явдал гэдгийг санах нь зүйтэй.
Багшийн заах арга зүй сурагчдыг амжилттай суралцахад нөлөөлж шийдвэрлэх хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэдэг ч удирдлагын ур чадвар багш нарыг хичээлээ сайн заах болон сургалтын үйл ажиллагааг чанартай явуулахад бас ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Суралцагчид сайн суралцаж, ахиц амжилт гаргахад нөлөө үзүүлдгээрээ ангид хичээл зааж байгаа багш нэгдүгээрт, захирлууд хоёрдугаарт ордгийг Уотерс, Марзано, Макналти (2003) болон Лейтвуд, Льуис (2012) нарын хийсэн судалгааны үр дүн харуулж байгаа бөгөөд энэ нь боловсролын удирдлага, менежментэд анхаарал тавьж ажиллахыг сануулсан үйл явцын нэг болоод байгаа юм.
Иймээс улс орнууд боловсролын салбарынхаа удирдлагын системд илүү анхаарч, боловсролын байгууллагууд, сургуулиудад учирч буй асуудлуудад шийдэл олох хамгийн чухал хэрэглүүр нь удирдлагын чадавхийг бэхжүүлэх хэмээн тооцож байна. 2002 онд Их Британи улс Сургуулийн удирдлагуудыг бэлтгэх үндэсний коллежийг (National College for School Leadership) байгуулсан бол АНУ, Канад, Австрали, Мексик, БНСУ, Дани, Норвеги, Швед, Швейцарь, БНХАУ гэх зэрэг нэлээд олон оронд сургуулийн удирдлагуудад зориулсан сургалтын хөтөлбөр бэлдэн хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсын хувьд ийм төрлийн сургалтын тогтолцоог бий болгох, дунд шатны удирдах ажилтнуудыг чадваржуулах бодит хэрэгцээ шаардлага хэдийнэ бий болсон байна.
Бид сургуулийг сургалт явуулдаг байгууллагынх нь хувьд хөгжүүлж сайжруулах талаар бага анхаарал хандуулдаг байдлаас болоод багш нар илүү олон нийтийн шүүмжлэлд өртөх байдал ажиглагддаг. Бас нэг мөрдлөг болгох зүйл нь ямар ч үед боловсролын байгууллагын удирдлагууд суралцагчидаа эн тэргүүнд тавьж ёс зүйтэй шийдвэр гаргах ур чадвар эзэмшсэн байх ёстой болж байна. Шапирогийн үзэж байгаагаар тодорхой үнэт зүйлс, зарчимд суурилаагүй боловсролын бодлого, шийдвэр нь зөв, ёс зүйн хувьд зүй зохистой байж чадахгүй, учир нь амьдрал дээр сурагчид, багш нар, эцэг эхчүүд гэх зэрэг олон оролцогч талуудад тэдгээр шийдвэрүүд нь шууд нөлөө үзүүлдэг юм. Манай орны хувьд социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үйл явцад боловсролын үнэт зүйлсээ нарийн тогтоож тодорхойлоогүйгээс улбаалан боловсролын салбар удирдлага, менежментийн хомсдолд орж шаардлага хангасан стандарт, дүрэм журамгүй явсаар, боловсролын удирдлагын тогтолцоонд бодитой ахиц дэвшил, зүй зохистой өөрчлөлт нэвтрээгүй мэт дүр зураг өнөөдөр харагдаж байгаа юм.
Хэрвээ багш нар хийж буй ажил нь үнэлэгдэхгүй байна гэсэн ойлголттой, сэтгэл дундуур болбол сургуулиудад ямар ч шинэчлэл өөрчлөлт хийсэн сургалтын үйл ажиллагааны чанар мууддаг гэсэн судалгааны дүн байдаг. Иймээс сургуулийн удирдлагууд, бүх шатны боловсролын байгууллагын шийдвэр гаргагчид дээрээс ирсэн тушаал зааврыг хүлээн авч хэрэгжүүлдэг цаг үе өөрчлөгдөж төрөл бүрийн мэдлэг ур чадварыг эзэмшиж цаг үеэсээ хоцрохгүй байх нь удирдагч хүний үүрэг болж байна. НҮБ-аас баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалд ил тод, инклюзив ардчилсан удирдлага, менежментийн тогтолцооны хүрээг тод харуулсан байдгийг бид эргэн харж сургууль, коллеж, боловсролын газар, яам гэх зэрэг байгууллагын түвшингээсээ үл хамааран өнөө үед удирдагчид, менежерүүд хамтран ажиллагсадтайгаа халуун дотно, ажил хэрэгч харилцаа үүсгэн, сайтар хамтарч байж л үр дүнд хүрдэг гэдгийг ойлгож мэдрэх шаардлагатай гэж бодож байна.
Боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд
Монгол улс дунд боловсролын салбартаа реформын шинжтэй нэлээд өөрчлөлт шинэчлэлүүд амжилттай хийсэн гэж үздэг. Штейнер-Камси, Столпе нарын хийсэн кейс судалгаанаас харахад 1990-ээд оны дундуур хэрэгжсэн бүтцийн өөрчлөлт хийх, боловсролын засаглал, санхүүжилтийн төвлөрлийг сааруулах зэрэг реформууд нь манай боловсролын мэргэжилтнүүд сайтар төлөвлөж хэрэгжүүлсэн гэхээсээ илүү олон улсын санхүүгийн байгууллагуудаас үргэлжлүүлэн санхүүжилт, зээл тусламж авахын тулд тэдний шаардлагад нийцүүлэн хийсэн байгаа юм.
БСШУСЯ-ны статистик тоо баримтаас үзэхэд боловсролын салбарын санхүүжилтийн бодит хэмжээ 1992-2012 он хүртэл 20 жилийн хугацаанд 2.7 дахин өсчээ. ЕБС-иудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх үйл явц 2007 – 2015 онд явагдаж үндсэндээ дуусав. Энэхүү 12 жилийн боловсролын систем нь мэдлэг дамжуулах уламжлалт сургалтын загвараас суралцагч төвтэй, цогц чадамжид суурилсан сургалтын стандарт бүхий боловсролын системд тооцогдож байгаа бөгөөд манай орны боловсролын салбарын түүхэн ололт амжилтуудын нэг юм гэж профессор Н.Бэгз үзэж байна. Улсын төвлөрсөн төсвөөс гадна БСШУСЯ одоогийн байдлаар боловсролын салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийтдээ 260.6 сая ам.долларын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа юм. Тэдгээрийн нэг нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 30 сая ам. долларын өртөгтэй, 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй “Боловсролын чанарын шинэчлэл” гэсэн нэртэй төсөл байдгийг дашрамд дурдах хэрэгтэй байх.
Ийнхүү дунд боловсролын салбарт амжилттай явагдаж байгаа шинэчлэл өөрчлөлтүүд олон байгаа ч хотод сургууль цэцэрлэгийн хомсдол үлэмж их, боловсролын салбарт ажиллагсдын цалин хангамж сайнгүй, багшийн хөгжлийг дэмжсэн сургалт семинарууд системтэй бус, хот, хөдөөгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал, авилга хээл хахууль, хүнд суртал зэрэг ярвигтай олон асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр, өдгөө олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсаар байгаа нь бид боловсролын засаглалын байдал, ялангуяа боловсролын удирдлагыг эрс сайжруулах, боловсролын хууль түүнийг дагалдсан эрхзүйн акт, дүрэм, журмуудыг боловсронгуй болгож цэгцлэх, “дотоод асуудал, хүндрэл бэрхшээлийг өнгийн харж” ул суурьтай, ажил хэрэгчээр хандах цаг болсныг илтгэж байна.
Орон даяар бүх ЕБС-иудад хэрэгждэг гол хэдэн журмууд бий. Багш нарт судалгаа хийх арга барилд сургах зорилгоор анх олгогдож эхэлсэн мэргэжлийн зэрэг өдгөө дунд сургуулийн захирлаас бусдад үйлчилдэг боловч багш нар мэргэжлийн кареер ахиж дэвшихэд нь мэргэжлийн зэрэгтэй эсэх онцын ач холбогдолгүй байх жишээтэй. Сурагчдын сурлагын ахиц амжилтыг шалгаж тогтоох, үнэлэх систем тодорхой бус, улс/хот/аймаг/орон нутгийн хэмжээнд хүрэх үр дүнг тооцох нэгдсэн системгүй учраас дунд сургуулийн багшийн ажлыг үнэлж дүгнэх журмыг хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Одоо үйлчилж байгаа багшийн ажлыг үнэлж дүгнэх журмын шалгуур үзүүлэлтүүд ч тодорхойгүй, боловсронгуй болгох тал дээр ажил хийгдэхгүй байна. Үүнээс гадна дунд сургуульд ажиллагсдын цалин хөлсийг бодох, үр дүнгийн урамшуулал олгох журмууд нь ч олон, замбараагүй тул төсвийн төлөвлөлт, зарцуулалтад үл ойлголцох байдал үүсгэдэг, сурагчдын хувийн хэрэг, багшийн журнал зэрэг баримт бичгүүд цаг үеэ даган шинэчлэгддэггүй, ойлгомжгүй хоцрогдмол байдаг зэрэг тоочвол олон асуудлыг жагсааж болохоор байгаа юм.
Улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийг сонгон шалгаруулах журам 2008 онд батлагдан мөрдөгдөж үйлчилж байгаа хэдий ч тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах процесс шударга, ил тод нээлттэй явагддаг эсэх болон үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд бодитой эсэх нь маргаантай, эрс шүүмжлэлтэй тулгардаг нь нууц биш. Боловсролын, удирдлага менежментийн хүрээнд төвийн бүсийн дунд сургуулийн захирлуудын 20%-ийг хамарсан судалгааг хийхэд дээрх журмын үйлчлэлд нэгэн дуугаар шүүмжлэлтэй хандаж байсныг энд өгүүлэх нь зүйтэй. Уламжлал болгон зохион байгуулдаг багш нарын ур чадварын уралдаан үнэхээр багш нарын заах арга, ур чадварыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэхээсээ илүү нэгэн байгууллагын ажлын тайлан тооцоогоо зузаатгахад тус нэмэр оруулдаг кампанит ажил мэт. ИДС-д суралцаж багшийн мэргэжил эзэмшсэн эсэхээсээ үл хамааран “багшлах эрх” олгох шаталсан шалгалт заавал өгөх журмыг өөрчлөх, багшлах эрхийг тойрсон шалгалт, лиценз, хураамж, төлбөртэй сургалтын бизнесийг цэгцлэх, багш нарт, ялангуяа ажлын талбарт хөл тавьж буй залуу багш нарт дарамт учруулахгүй байхаар зохицуулах гэх зэрэг анхаармаар асуудлууд бас бий.
Товчхон хэлэхэд дунд боловсролын салбарт хэрэгжиж байгаа багц хууль болон эдгээр бусад эрхзүйн актууд, дүрэм журмууд өөр хоорондоо авцалдаа муутай, цаг үеэсээ хоцрогдсон, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг боловч боловсролын яамны зүгээс асуудлыг цогцоор нь шийдэх, дунд сургуулийн тогтвортой хөгжлийн асуудалд анхааралтай, ул суурьтай хандах талаар санал санаачлага, удирдлага менежментийн чадавхи тааруу, энэ салбарт ажиллагсдын бухимдал тэсэрч эсэргүүцлээ илэрхийлэхэд өнөөх аргалах, гал унтраах төдий аргацаасан байдлаар хуурах оролдлогоо үргэлжлүүлэхийг хичээдэг. Учир нь сонгуулиар ялалт байгуулсан намууд өөрсдийн явцуу хөтөлбөрүүдийг дэвшүүлэн хэрэгжүүлэх гэж зүтгэсээр, олон нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ татах оролдлого хийсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд боловсролын салбарын шат шатны удирдлагууд болон шийдвэр гаргагчид ийм тодорхойгүй байдалд огтхон ч санаа зовдоггүй, судалж ул суурьтай шийддэггүй “соёлыг” боловсролын удирдлагад амжилттай нэвтрүүлжээ. Ойрын үеийн жишээ дурдахад, боловсролын стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор 2011 онд тухайн үеийн МУ-ын Засгийн газар ямар нэгэн тендер зарлалгүйгээр Кембрижийн ИС-ийн дэргэдэх Боловсролын төвийг боловсролын цогц зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар шууд сонгон хамтран ажиллаж эхэлсэн бол 2012 онд байгуулагдсан Засгийн газар дунд боловсролын салбарт “хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр сүр дуулиантай зарласан юм.
Дунд сургуулийн удирдах ажилтнуудыг урьдчилан бэлтгэх, сургалтад хамруулах тогтолцоо байхгүй тул сургуулийн захирал, менежерүүдийг сонгохдоо улс төрийн намын харъяаллаар голцуу, цөөн тохиолдолд мэргэжилдээ сайн, чадварлаг багш нараас шууд сонгодог тогтолцоо үйлчилж байгаа байдлыг өөрчилж дунд сургуулийн удирдах ажилтнуудыг бэлтгэх, сонгон шалгаруулах, сургалтад хамруулах тогтолцоо хэрэгтэй гэж боловсрол судлаачид үзэж байна. Сургууль болон багшийн ажлыг үнэлж дүгнэх журмууд боловсронгуй бус, үнэлгээ нь ахиц муу, ил тод бодитой бус байгаа нь сургуулиуд дотооддоо болон удирдах дээд шатны байгууллагууд руу “хэт их цаас үйлдвэрлэх, зузаан цаасан тайлан бичиж явуулах” зэргээр хязгаарлагдаж, дээрээс ирүүлсэн тушаал зааврыг биелүүлэх мухардмал сүлжээнд ажиллаж байна гэж үзсэн 10 жилийн өмнөх кейс судалгааны дүгнэлт өнөө ч хэвээрээ байгаа нь сэтгэл зовоосон, хөндөж ярихгүй байхын аргагүй байдал гэдгийг онцлох нь зүйтэй. Эдгээр ужгирсан асуудлыг бүтээлчээр шийдэх гарцын нэг нь сургуулиудыг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулж суралцагсдын сурлага, хөгжил төлөвшлийг дэмжин ажиллахад сургуулийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх, байгууллагаа удирдах, шийдвэр гаргах түвшинд ур чадварыг нь сайжруулах тогтолцооны үр дүнтэй шинэчлэл хийх явдал юм. 2016 онд Глоб Интернэшнл төв ТББ-ын төслийн бодлогын форумд оролцсон БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох яамны албаны хүмүүс сургуулиудыг цаашид хүн хөгжлийн төв болгохоор зорьж байгаа тухай, ЕБС-ийн түвшинд 34 дүрэм, журамд өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа тухай нааштай зүйлүүд ярьж дуулгасан ч дунд боловсролын удирдлага менежментийг сайжруулах тухайд барьж буй бодлогоо шинээр батлагдсан боловсролын тухай хуулийн хүрээнд нарийн тодорхой тайлбарласан зүйл харагдсангүй.
Боловсролын салбарын зүй зохистой, тогтвортой хөгжлийг хангахад хүний хөгжлийн хүчин зүйл хамгаас чухал, түүнээс ямар нэгэн “шилдэг, шалгарсан сургалтын хөтөлбөр” уухайлан хэрэгжүүлснээр, боловсролын бүх шатны удирдлагууд хүүхдүүдийн төлөө идэвх санаачлага гаргахгүйгээр, багш, сурагчдад ирэх ачааллыг тооцож бодит дэмжлэг үзүүлэхгүйгээр, тэдний санаа бодлыг сонсохгүй үүрэгдсэн байдлаар ажлаа явуулснаар, өндөр хөгжилтэй орны нөхцөлд тохируулан хийсэн мэргэжилтэн, зөвлөхүүдийн сургалтын материалд дулдуйдан дагаснаар асуудлыг цогцоор нь шийдэх боломжгүйг бид өнөөдөр харж байна. Шууд хэлэхэд боловсролын салбарын энэ мэт улс төржилт хэрээс хэтэрч, гарч байгаа бодлого шийдвэрүүд нь алсаа бодоогүй, салбарын нарийн мэдлэггүй, муйхар улс төрчдийн хараанд хэвээр байгаа нь энэ салбарын тогтвортой хөгжилд чөдөр тушаа болсоор байгаа байдлаас даруй ангижрах хэрэгтэй байна.
Боловсролын салбарт ажиллагсдын цалин хангамжийг нэмэгдүүлж, хүний нөөцийн бодлогын хувьд эрс өөрчлөлт хийж хүний хөгжил, сайн сайхны төлөө зорилгоо чиглүүлсэн хүн төвтэй удирдлагын системд шилжих цаг нэгэнт болжээ. Түүнчлэн аль нэг улс төрийн намын нөлөөнд автан үндэсний хөтөлбөр стандарт, сурах бичгүүдийг дахин дахин шинэчлэх, өөрчлөх зэрэг ул суурь муутай, улс төржсөн шийдвэрүүд гаргаж, боловсролын салбарт удаа дараа туршилт хийсэн боловсролын засаглалын хомсдолын “оргил” нь багш, сурагчдын эрхийг зөрчиж, дунд сургуулиудын тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад сөрөг нөлөө үзүүлсээр байгаа тул ийм хараат байдлаас зоригтойгоор эрс шийдэмгий татгалзах, боловсролын төлөөх иргэний нийгмийн үндэсний эвслийн сануулж байгаагаар эцэг эхчүүд, багш ажилтнууд, иргэний нийгмийн төлөөллүүд болон олон нийтийн зүгээс боловсролд хяналт тавих эрхзүйн үндсийг хуульчлах нь чухал байгаа юм.
Системийн судлаачдын дүгнэснээр, пост-коммунист орнуудад төрийн захиргааны удирдлагын систем нь бүхэлдээ шинэчлэгдэж, сайтар ардчилагдаж хараахан чадаагүйн улмаас авторитар шинжтэй удирдлагын тогтолцоо ноёлсон хэвээр байгаа гэсэн үзэл хандлага бий. 90-ээд онд зээл, буцалтгүй тусламж олгож өөрсдийн боловсролын реформоо санал болгож “бидэнд шахсан” гадны байгууллагууд боловсролын салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудалд төдийлөн санаа тавиагүй орхигдуулжээ. Монгол улс өөрөө ч боловсролын удирдлага дахь хүний хөгжлийн асуудалд нэгдсэн бодлоготой хандаагүй, хандахгүй байгаа нь өнөөдрийн тогтолцооны гажуудлыг улам тодоор илчилж байгаа юм.
Боловсролын чанарыг дээшлүүлэх, боловсролын удирдлагыг чадавхижуулан хөгжүүлэхэд нэмэрлэх санал
Дунд боловсролын удирдлага, менежментэд үр дүнтэй шинэчлэл хийх нэг арга зам нь боловсролын удирдлага менежментийн академи /нэрний хувьд ямар ч байж болох/ байгуулж дунд боловсролын тогтвортой хөгжлийг дэмжин ажиллах, сургалт судалгааг хослуулсан гол институцийн үүрэг гүйцэтгэхээр болгож ажиллуулах, ингэснээр боловсролын бодлогын нэлээд цогц бүрэлдэхүүн хэсгийг хамарсан боловсролын инноваци буй болгож болох юм гэж үзэж байгаа юм.
Бусад орнуудад хэрэгжүүлж байгаа сургуулийн удирдлагуудыг сонгон шалгаруулах, сургаж ур чадварыг нь сайжруулах загвар хөтөлбөрүүдээс санаа оноо авч Боловсролын Хүрээлэн судалгаа, анализ хийсний үндсэн дээр өөрийн орны давтагдашгүй түүх соёл, зан заншил, уламжлалт онцлогт тохирсон боловсролын удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн загвар боловсруулж ажил хэрэг болгох, энэ талаар дуу хоолойгоо илэрхийлэх зүй ёсны шаардлага урган гарч ирж байна. Системтэй сургалт явуулж, монгол хүнд, манай орны нөхцөлд тохирсон сургалтын хөтөлбөрийг академик судалгааны үр дүнд аажмаар сайжруулан хөгжүүлж ингэснээр сургуулийн захирал, менежерүүдийг удирдагчийнх нь хувьд ямар мэдлэг, ур чадвар заавал эзэмшсэн байхыг нарийвчлан тодорхойлсон стандарттай байж болох юм.
Гадны орнуудын хувьд сургуулийн удирдлагууддаа зориулан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд өөр оронд шууд хуулбарлан авч хэрэглэх нь зохимжгүйг хүлээн зөвшөөрч байгаа боловч адил төстэй агуулга энэ төрлийн сургалтын хөтөлбөрүүдэд тусгагдсан байгаа юм. Тухайлбал, сургуулийн удирдлага гэдэг зөвхөн захиралд хамаарах бус; удирдлагын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг багш нарын мэргэжлийн кареер өгсөх (багш-менежер-захирал г.м) байдлаар интеграцчлах; төрөл бүрийн сургалтын хэлбэрүүд ашиглах; багийн хөгжлийг дэмжих; туршлагатай захирлуудыг сургагч багшаар ажиллуулах; сургууль бол суралцахуйн төлөөх байгууллага гэдгийг хүлээн зөвшөөрөх гэх мэт нийтлэг ойлголтууд хэдийнэ бий болжээ. Дунд сургуулийн удирдлагад ажиллах хүсэлтээ илэрхийлэх, сургалтад хамрагдах боломж энэ салбарт ажиллагсдад нээлттэй байх, харин удирдлагад ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулдаг хараат бус, ил тод шударга тогтолцоог бий болгож, боловсролын засаглалыг сайжруулахад салбарын мэргэжилтнүүд, боловсрол судлаачид санаачлага гаргах, манлайлах хэрэгтэй юм. Боловсролын асуудал эрхэлсэн бүх шатны төрийн байгууллагуудын боловсролд засаглах эрх үүргийн тогтолцоог эргэн харах, зүй зохистойгоор, сургууль багш нарт хүрч зөвлөн үйлчилдэг байхаар эрс өөрчлөлт хийх, Боловсролын мэргэжлийн хяналт гэх мэт үүргээ хэрэгжүүлэхдээ сургуулиудыг хяналт шалгалтаар сүр далайлгасан, дарамт үүсгэсэн стандарт бус байгууллагыг татан буулгах хэрэгцээ шаардлага байна. Шат шатны боловсрол хариуцсан төрийн байгууллагууд (ялангуяа БСШУСЯ) ЕБС, СӨБ-уудад хамаарах шийдвэр гаргадаг л бол боловсон хүчний тодорхой хувьд сургууль, цэцэрлэгт наад зах нь 5-аас дээш жил ажилласан хүмүүс сонгон шалгаруулалтаар орж ажилладаг байхыг хуульчлахгүй бол бодит амьдралын хөрсөн дээр буусан шийдвэр гаргах чадамж муу хэвээрээ байх нь ойлгомжтой юм. Бидэнд юу нэн чухал хэрэгтэй болоод байна вэ? Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөөх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, багш нар хичээлээ сайн зааж үнэн шударгаар суралцагчдаа үнэлдэг, сургуулиуд багш ажилтныхаа ажлыг зөв шударгаар үнэлдэг системтэй, удирдах дээд байгууллагууд нь сургуулийн үнэлгээг бодит байдлаар хийж сургалтын үйл ажиллагааг тодорхойлдог журам хэрэгжүүлэх, боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмж нийгмийн баталгааг хангасан төсвийн зарцуулалт хийж боловсролын үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргах л чухал болоод байна гэж бодож байна.
Ийм тинк-танк/академийг буй болгож боловсролын удирдлага, менежментийн талаар системтэй онол-практикийн мэдлэгтэй, академик түвшний судалгаануудтай танилцсан, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадвартай мэргэжлийн удирдагчид, боловсрол судлаач, зөвлөхүүд, их дээд, дунд сургуулиудын багш нар, бодлого боловсруулагчдад хамтран ажиллах боломж олгосноор бид:
- өнөөгийн боловсролын салбарын засаглалын хомсдолд дүн шинжилгээ хийж нөхцөл байдлаа зөв тодорхойлох,
- судалгаанд суурилан хууль, эрхзүй дүрэм журмуудаа хөрсөн дээр нь боловсронгуй болгож зангидах, цэгцлэх ажлыг шат дараатай хийх
- сургуулиудын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, хичээл сургалтын хөтөлбөрөө агуулга, арга зүйнх нь хувьд сайжруулан төгөлдөржүүлэх,
- ирээдүй хойч үеийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чанартай сургалт явуулж ирээдүйн монголын иргэнийг бэлтгэх боловсрлын салбартаа чанарын шинэчлэл авчирна гэж үзэж байна.
Эцэст нь хэлэхэд төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод боловсрол нь нийгмийн шударга ёс, нэгдмэл байдал, үндэсний үзэл, монгол бахархалын баталгаа байхаар зааж өгвөл зохилтой мэт санагдаж байна. Учир нь бүх хүмүүсийн хүмүүжиж төлөвшиж сурч боловсордог цэцэрлэг, сургууль соёлын газруудад шударга ёсыг тогтоож ил тод, чанартай үйлчилгээг эрхэмлэснээр боловсролын үнэлэмжийг дээшлүүлж нийгмийн ёс суртахууны доройтолтой эрс тэмцэж байж энэ ороо бусгаа нийгмийг зөв гольдролд нь оруулах хэрэгтэй болно. Иймээс бид 21-р зууны иргэдээ бэлдэж буй боловсролын системээ хөгжүүлэхээр хийж буй алхам бүрээ нягтлах, өрсөлдөх чадвараа сайжруулах, улмаар өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан боловсролын салбараа нийгмийн шударга ёс, нэгдмэл байдлын үндэс суурийн үүрэг гүйцэтгэдэг болгох, үүнд чиглэсэн сэтгэлгээний далайцтай өөрчлөлт хийхэд боловсролын салбарт ажиллагсад, эрдэмтэн судлаачид, олон нийтийн дэмжлэг идэвх оролцоо, хамтын ажиллагаа, хүч хөдөлмөр ихээхэн шаардагдана гэж үзэж байна.
Эх сурвалж: Монголын боловсрол-инноваци сэтгүүл, 2017 он №1
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр