Нийгмийн эгэх хариуцлага ба сургуульд суурилсан менежментийн асуудал

Улс төрийн эрүүл тогтолцоо, ардчиллын байгууллууд, эрх зүйт ёсыг бэхжүүлэх нь хөгжлийн урьдчилсан зайлшгүй шаардлага, хөгжлийн үр шимийг иргэд тэгш хүртэх чухал нөхцөл гэдгийг улам ихээр хүлээн зөвшөөрөх болсон нь туйлын сайшаалтай. Үүн дээр нэмээд засаглалын асуудал, ялангуяа хүн амын дийлэнх хэсэгт хамаатай боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахад нийгмийн эгэх хариуцлагын механизмыг орон нутагт төлөвшүүлэх чиглэлээр Иргэний нийгмийн байгууллагуудын (цаашид ИНБ хэмээн товчилно) санал санаачилгыг дэмжих нь шинээр батлагдсан иргэдийн оролцооны хууль тогтоомжийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд түлхэц өгнө.
Үр хүүхдээ сайн яваасай гэж хүсдэг нь хүн төрөлхтний жам ёс, хүүхдэдээ дээд боловсрол олгох нь эцэг эх бүрийн хүсэл эрмэлзэл байдаг нь Монголын онцлог. Монголд олон жил ажилласан гадны нэгэн зөвлөх монголчууд бүх нийтээрээ “боловсролоор цангаж байгааг” ихэд гайхширч, Солонгос болон Зүүн өмнөд Азийн бар улсуудтай адил боловсролын үнэ цэнэ, үр өгөөжийг үнэлж байна гэж хэлсэн байдаг. Боловсролын талаарх статистик ч үүнийг нотолдог. Монгол Улсад 1994 онд сургуульд элсэж орсон хүүхэд дунджаар 7,7 жилийг боловсролд зарцуулж байжээ.
Ийм их хүсэл тэмүүлэл, боловсролын хүртээмжийн эрчимтэй өсөлт нь чанартай сайн боловсролтой хосолсноор Монгол Улс хүсэж байгаа хөгжлийн гарцаа олох найдвар төрнө. Гэвч хүүхдүүд боловсролоор дамжуулан бүх талаар хөгжиж, амьдрал, ажил хөдөлмөрт шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага, зан төлөвийг төлөвшүүлж чадахгүй байна. Тухайлбал, боловсролын чанар хангалттай сайн биш байна. Боловсролын салбарт архагшсан санхүүжилтийн дутагдалтай сургуулиуд, орон нутгийн болон суралцагчдын эрэлт хэрэгцээнд хариу үйлдэл үзүүлдэггүй сургалтын хөтөлбөр, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийнхээ сурлагын амжилт, төлөвшлийн талаар үг хэлэх эрхгүй эцэг эх, дээрээс заавар ирэхийг хүлээн суух үйлчилгээ үзүүлэгчид, сургуулийн хүртээмжийн, оролцооны, төгсөлт, сурлагын амжилтын ялгаатай байдлыг бид шийдвэрлэж чадахгүй өнөөг хүрэв. 2016 онд хийсэн “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн суурь судалгаа”-наас үзэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд төрөөс үзүүлж байгаа боловсролын үйлчилгээний чанар сайжирсан эсэх талаарх асуулгад оролцсон иргэдийн 64 хувь нь сайжраагүй эсвэл хэвэндээ байгаа гэж хариулсан байна.
Монгол улсын боловсролын салбар өмнөх нийгмийн үед бэхжиж, хөгжлийн зохих түвшинд хүрсэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Төвлөрлийг тууштай сааруулж, орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, сургуульд суурилсан менежментийн бодлогыг хэрэгжүүлж байгаа бол сургуулийн, улмаар боловсролын засаглалын асуудалд онцгойлон анхаарах ёстой. Мөн боловсролын үйлчилгээний хүртээмжээр дэлхийд төдийгүй Ази Номхон Далайн бүсийн хэмжээнд чамлахааргүй амжилттай байгаа хэдий ч боловсролын чанар, тэгш байдлын талаар хоцрогдсоор байгаа нь засаглалын асуудалтай холбоотой гэж ИНБ-д үздэг. Боловсролын засаглал гэдэгт засаг захиргааны шат түвшин нэг бүрд боловсрол, сургалтын тогтолцооны санхүүжилт, боловсролыг олгох байдал, эзэмших үйл явц зэрэгт хийж буй зохицуулалт гэж ойлгож болно. Ерөнхийдөө дийлэнх улс оронд боловсролын салбарын зохицуулалтыг засгийн газрууд голчлон хийдэг ч үр ашиг, үр дүн, хариуцлагатай байдал, ба ардчилсан байдлыг нэмэгдүүлэх шаардлагад хариу өгөхийн тулд эрх мэдлийг сааруулах хандлага түгж байна. Гэр бүл, орон нутгийнхан, ТББ-ууд, багш нарын үйлдвэрчний эвлэл, зарим нэг хувийн хэвшлийнхэн боловсролын засаглалын зарим нэг үйл явцад оролцож, эрх тэгш байдал, ил тод байдал, илүү их оролцоотой болгох асуудлыг анхаарч эхэллээ.
Өнөөдрийг хүртэл зөвхөн төрийн захиргааны албадыг өөрчлөн шинэчлэх, өртөг зардлыг бууруулах тухай хэлэлцүүлэг нийгэмд илүүтэй өрнөж байгаа болохоос иргэний нийгэм, хувийн хэвшилтэй түншлэлийн харилцааг хөхиүлэн дэмжих, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэх, шийдвэр гаргах, төрийн албаны ажлын үр дүнг үнэлж дүгнэхэд иргэдийг оролцуулах авлигатай нээлттэй, зохион байгуулалттай тэмцэх, төрийн албан хаагчдын ялангуяа багшийн ёс зүйг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд хангалтгүй байна. Тиймээс ч ИНБ-д өөрсдийн чиглэлээр нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх тодорхой санал санаачилгуудыг НҮБ болон олон улсын ТББ-уудтай хамтран эхлүүлээд байна. “Зохион байгуулалттай, чадваржсан иргэд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, үр дүнг хянах үйл явц” гэж нийгмийн эгэх хариуцлагыг томьёолсон байна. (ANSA-EAP, 2012). Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн элементүүд болох бүтээлч хамтын оролцоо (шүүмжлэх биш), баримт нотолгоонд тулгуурлах (арга хэрэгслийг ашиглах) хэрэгжилт, хяналтын чиглэлээрх хамтын ажиллагаа (зөрчилдөх биш) олон төрлийн оролцогч талуудын, ялангуяа ашиг шим хүртэгчдийн харилцан түншлэл (эцэг эх, багш, сурагчид, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага гэх мэт) “эргэх холбоог бий болгох” итгэл үнэмшил, бодит шаардлага дээр тулгуурласан үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага гэдэг байна.
Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхийн тулд ИНБ-д иргэд, ИНБ-дын мэдээллийг эрэлхийлэх, түүнийг ашиглах зан үйл, эгэх хариуцлагатай байх: оновчтой шүүмжлэл, санал тавих, үр дүнтэй харилцан ярилцах, мөн бүтээлчээр оролцох зан үйл, хариу үйлдэл үзүүлэх: сайжруулах үйлдэл хийх зан үйл зэрэг сэтгэлгээ болон зан үйлдэлд өөрчлөлт хийх, улмаар институтийн өөрчлөлт хийснээр улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж алсын харааг тодорхойлж, үйл ажиллагаагаа зохион байгуулж эхлээд байна.
Шинээр гарч ирсэн нийгмийн эгэх хариуцлагын тухай үзэл баримтлал нь “хэрэглэгчид” буюу суралцагчид, түүний эцэг эхчүүд боловсролын салбар дахь хариуцлагын механизмыг ажиллуулж, чанарыг шаардаж чадна гэсэн итгэл үнэмшилд суурилж байна. Монгол улсад Боловсролын тухай болон бусад хууль тогтоомжид иргэдийн, тухайлбал, эцэг эхийн оролцоог 2002 оноос хуульчилж өгсөн байдаг. Гэвч иргэний оролцоо нь төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын түвшинд гэхээсээ илүү тухайн боловсролын байгууллагын түвшин дэх оролцоог, тодотговол зөвхөн эцэг эхийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дахь оролцооны талаар тодорхойлсон байна. Боловсролын салбарын хууль тогтоомжид бусад оролцогчдын оролцооны талаар тодорхой зүйл, заалт байхгүй байна гэж үзэж болохоор байна. Энэ салбарт хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусгагдсан иргэдийн оролцооны хэлбэрүүд, боломжийн талаарх иргэдийн мэдлэг ойлголт хангалтгүй, салбарын төрийн байгууллагуудад иргэдийг оролцуулах, зөвлөлдөх, хяналт тавиулах соёл хэвшээгүй, хаалттай хэвээр байгаагийн шалтгаан нь иргэдийн оролцооны талаарх заалтууд тунхаглалын шинжтэй байгаад оршиж байна.
Ангийн болон сургуулийн эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан оролцоог хангадаг социализмын үеэс уламжилж ирсэн хуучин арга барил сургууль, цэцэрлэгүүд дээр түгээмэл байна. Сургуулийн болон ангийн эцэг эхийн зөвлөлүүд сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад оролцоогүй, сургуулийн төсөв санхүүжилтийн талаар мэдээлэл авдаггүй, зарцуулалт болон үр ашигтай байдалд хяналт тавих үүрэггүй бөгөөд оролцоог хангах хуульчилсан боломжтой сургуулийн зөвлөлд ч өөрийн төлөөллөө сонгох эрхгүй байна. Энэхүү зөвлөлийн тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй тул боловсролын хуулиар суралцагчдаас авахыг хориглосон хууль бус төлбөр хураамжийг “хуульчлах” бүтэц мэт ажилладаг болсон байна.
Сургуулийн удирдлагын түвшинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэг дээр “Сургуулийн зөвлөл” байгуулагдан ажиллаж байна. Боловсролын хууль тогтоомжид заасан сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь тодорхой асуудлыг олон нийт хэлэлцэж, хамтран шийдвэр гаргах иргэний зөвлөлдөх оролцооны хэлбэр юм. Тус зөвлөлд багш, ажилтан, сурагч, эцэг эх бусад байгууллагын төлөөлөл -9-11 гишүүн 3 жилийн хугацаатайгаар сонгогддог. Гэвч зөвлөлийн гишүүдийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр сонгож, үйл ажиллагаа нь хэлбэр төдий, үр дүнгүй байна.
Монгол улсад төрийг ил тод, хариуцлагатай байх шаардлага бөгөөд иргэд, бүлгүүд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, мэдээлэл авах эрхээ илүү хүчтэй нэхэх болсон, хууль эрх зүйн орчин бүрдсэн тул үүнийг ашиглан иргэд, ИНБ-д төрийн байгууллагуудын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх “нийгмийн аудит” зэрэг шинэлэг аргуудыг эрэлхийлж байна. Тухайлбал, Check My School (Ардчиллын боловсрол төв), Худалдан авалтад хяналт тавих аргачлал (Худалдан авах ажиллагааны түншлэл ТББ), Төсвийн ил тод байдал (Иргэд төсвөө хянана сүлжээ), Авлигын хяналт (Транспаренси интернейшнл Монголиа), Төрийн хариуцлага, Ардчилал, сайн засаглал (Глоб Интернэшнл ТББ), (МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ), Сайн сургуулийг дэмжих аргачлал (“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл) зэргийг дурдаж болно.
Сүүлийн жилүүдэд боловсролын асуудалд санаа зовдог бүлгүүд нэмэгдэх, тэдний өөрсдөдөө тулгамдаад байгаа асуудлыг олж харах, хүний эрхийн байр сууринаас дүн шинжилгээ хийх, асуудлаа шийдвэрлүүлэхээр төрийн байгууллагад хандах, харьцах чадавх бэхжиж байна. Эцэг эхчүүдийн байгууллага, залуусын байгууллага зэрэг шинэ бүлгүүд идэвхжиж, тэгш хамруулан сургах, насан туршийн суралцахуй, хүний эрхэд суурилсан хандлага арга зүй зэрэг боловсролын бодлогыг тодорхойлох хүрээ сайжирч, боловсролын чанарыг илүү өргөн хүрээнд тодорхойлох, сургууль, багшийн түвшинд шинэчлэл хийгдэх, өөрийн орны онцлог болон судалгаа шинжилгээнд суурилсан бодлого боловсруулах зэрэг ахиц дэвшил бидэнд ажиглагдаж байна.
Тэгэхээр тэдэнд нийгмийн эгэх хариуцлагын үзэл санааг танилцуулах, тодорхой арга хэрэгслүүдийг боловсруулж турших, орон нутагт ажиллах боломж олгох ИНБ- дад төр ба иргэнийг холбох гүүр болох шаардлага тулгарч байна. Иймээс “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 8 аймгийн төв болон 20 сумын 28 сургууль дээр Эцэг эх, багшийн холбоо байгуулахад чиглүүлж, тэднийг сургуулийн засаглалд оролцох, боловсролын үйлчилгээний хэрэглэгчийн хувиар чанар шаардах чадавхыг нэмэгдүүлж ажиллаж байна. Тэд сургуулийн багш, суралцагч, удирдлагын баг болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг байгуулж, “Сайн сургуулийг дэмжих аргачлалыг” хэрэглэн сургуулийнхаа материаллаг, сэтгэл зүйн болон засаглалын орчныг үнэлж, сургалт, төлөвшлийн үйл ажиллагааны талаарх бодит мэдээллийг цуглуулж байна. Сургуулийн эцэг, эх багшийн холбоо (СЭЭБХ)-ны гишүүд цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, сургуулийн удирдлага, сум, орон нутгийн захиргаа, боловсролын газартаа хандсан зөвлөмж боловсруулж танилцуулж эхэллээ. Ингэснээр эцэг эхийг зөвхөн мөнгө хураалгадаг идэвхгүй оролцооноос ахиулж, сургуулийн засаглалд буюу үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн талаарх шийдвэрт нөлөөлж оролцдог төдийгүй сургуулиа сайн болгоход хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, Хөвсгөл Аймгийн Улаан-уул сумын СЭЭБХ нь өөрийн үнэлгээний тайланг аймгийн удирдлагуудад танилцуулах нөлөөллийн уулзалт хийж, 2016 онд сургуулийн дотуур байрын 100 хүүхдийн иж бүрэн зөөлөн эдлэлийг шинэчлэхэд 10 сая төгрөг шийдүүлж чадсан ба 2017 оны төсөвт түлш халаалтын зардалд 5 сая, дотуур байрын урсгал засварт 10 сая төгрөг нэмж тусгуулж чадсан. Мөн орон нутагт сургуулийн үдийн цайны тендер шалгаруулах комисст СЭЭБХ-ны төлөөлөл оролцох, сургуулийнхаа дүрэм журмыг боловсронгуй болгох хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах, хүүхэд хамгааллын чиглэлээр СЭЭБХ санаачилгатай ажиллах зэргээр санаачилгууд өрнөж байна.
Сургууль, боловсролын салбарт байгаа асуудлаа нууж, сайн сайхан байгаа мэт харагдах уламжлалт хандлагаас татгалзаж, сургуулийн хамт олон, оролцогч талууд өөрсдөд тулгамдсан асуудлаа олж харан, шийдвэр гаргагчдад нээлттэй болгож, хамтдаа шийдвэрлэж явах нь боловсролын салбар хийгдэх байгууллагын соёлын томоохон шинэчлэл гэж бид харж байна. Нийгмийн эгэх хариуцлага нь зөвшилцөл хийх соёлд сургах, зөрчлийг давах туулах, хамтран ажиллах орон зайг бий болгох, асуудлыг хамтран шийдэж суралцах зэрэг өргөн боломжийг нээдэг ач холбогдолтой үйл явц юм.
Эх сурвалж: Монголын боловсрол-инноваци сэтгүүл, 2017 он №1
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр