Боловсролын салбарт шинэчлэлийн салхи айсуй

2017-10-28
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган 2017 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдөр МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн 114 тоот танхимд боллоо.

Бүсийн хоёрдугаар чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар, төсвийн мэргэжилтнүүд, ЗДТГ-ын орон нутгийн өмчийн албаны худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд, төслийн зорилтот 10 сургуулийн захирал, СЭЭБХ, ТББ-уудын 60 гаруй төлөөлөгч оролцов. Түүнчлэн төслийн зорилтот 7 сумын Засаг дарга, зарим сумын Засаг даргын орлогч нарыг чуулганд анх удаа урьж оролцуулсан нь онцлог байлаа.

Боловсрол, тэр дундаа ерөнхий боловсролыг бид дан ганц багш, эсвэл сургуулиас хамааруулж ойлгосоор ирсэн уламжлалт хандлагаа халах цаг ирсэнийг Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд байгуулагдсан Сургуулийн эцэг эх, багшийн холбоо /СЭЭБХ/-дын амжилтын түүх илтгэж байна. 

Чуулганы эхний өдөр 2016 онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулганаас хойш нэг жилийн хугацаанд нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг хэрэгжүүлж, бүтээлчээр хамтран ажилласны үр дүн, ололт, амжилт, мөн хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулсан туршлагаа 3 ТББ, 10 Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) тус бүр танилцуулав.  

Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн СЭЭБХ сургуулийн орчинд шинээр сандал байрлуулж, захирлынхаа дэмжлэгтэйгээр орчны гэрэлтүүлгийн асуудлаа шийдсэн төдийгүй нээлттэй номын сан байгуулснаар сурагчид чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн дан ганц сургууль, орон нутгийн хязгаарлагдмал төсвийн хүрээнд ажил хийхээс илүүтэй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг сургуулийн хөгжилд зарцуулах боломжийг нээж ХААН банкнаас 10 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрх авсан нь СЭЭБХ-ны томоохон амжилт байлаа.

Архангай аймгийн Өлзийт сумын СЭЭБХ-ны үйл ажиллагаа тогтмолжин удирдах зөвлөл нь 14 хоног тутамд уулзаж, сургуулийн орчинд ёс бус хэллэгийг бүр мөсөн халж, аливаа үйл ажиллагаанд эцэг эхчүүдээ тогтмол оролцуулж чаддаг болсон байна. СЭЭБХ хоёр удаа эрүүл мэндийн сургалт зохион байгуулж, хуулийн зөвлөгөө авсны зэрэгцээ гэр бүлийн лекц, АХА тэмцээн, “Шинэ санаа-шилдэг чимэглэл” уралдаан, эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтарч “Миний анги - Бидний гэр” бүтээлийн уралдааныг сурагчдынхаа дунд зохион байгуулжээ. Энэ мэтчилэн дээрх гурван аймгийн 10 сургуульд байгуулагдсан СЭЭБХ-д олон ажил амжилттай хийж, цаашдаа ч илүү ихийг хийх эрмэлзэл дүүрэн байгаа нь чуулганы үеэр тодорхой харагдаж байсан юм.

Архангай аймгийн “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын менежер Г.Баярхүү, Булган аймгийн “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББ-ын менежер Н.Саранчимэг, Хөвсгөл аймгийн “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Г.Чимгээ нар “Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах” аргачлалаар аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод байдалд үе шаттай хийсэн үнэлгээний үр дүн, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар гарч байгаа өөрчлөлт, амжилтынхаа талаар танилцууллаа.

Чуулганы хоёр дахь өдөр Архангай аймгийн 4-р сургууль, Батцэнгэл, Өлзийт сумын сургуулиудад Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлсэн байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх боломжийн талаар аймгийн оролцогч талуудтай хамтран хэлэлцэх нөлөөллийн уулзалт зохион байгуулав. Уулзалтанд аймгийн БСУГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн СЭЭБХ-оос сүүлийн 10 жилийн турш яригдаж байгаа ч шийдэгдпэггүй сургуулийн бохирыг төв шугамтай холбох асуудлыг онцлон хөндлөө. Учир нь сүүлийн жилүүдэд бохир байнга халих болж аргаа барсан багш нар өвлийн цагт хөлдсөн бохирыг өөрсдөө цэвэрлэх дээрээ тулсан нь эргээд багш, сурагчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгаа аж. Үүнд аймгийн БСУГ анхаарч ажиллахаар болсон төдийгүй сургуулийн урлаг заалны дээврийг дулаалах ажлыг түргэтгэхээ амласан юм. 

Чуулганд оролцогчид өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлагадаа үндэслэн боловсролын салбар дахь ил тод байдлыг сайжруулахад иргэдийн оролцоог сааруулж буй бодлого, хууль тогтоомж, журамд оруулах нэмэлт өөрчлөлт, санал болгох нэгдсэн зөвлөмж боловсрууллаа. Зөвлөмжийг 12-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Бодлогын форум”-д танилцуулна.

Чуулганы хоёр дахь өдөр Сайн сургуулийг дэмжих аргачлалыг амжилттай хэрэгжүүлсэн Архангай аймгийн 4-р сургууль, Өлзийт сумын сургууль, Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургуулийн СЭЭБХ-д батламж гардууллаа. Харин үйл ажиллагаа, бүтээлч хамтын оролцоогоороо бусдыгаа тэргүүлэн ажилласан Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн СЭЭБХ 2017 оны “Шилдэг СЭЭБХ”-оор шалгарч цом, өргөмжлөлийн эзэн боллоо.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.