СЭЭБХ бичил төсөл хэрэгжүүлэх санхүүгийн боломж бүрдэнэ

2017-11-07
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлэгч Глоб Интернэшнл төвийн менежер Ц.Халиун, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг нар “Дэлхийн түншлэл 2017” форумд оролцож орон нутгийн ЕБС-д Сургуулийн эцэг эх, багшийн холбоо /СЭЭБХ/ байгуулах замаар Монголын боловсролын салбарт эгэх хариуцлагыг дээшлүүлэхээр хийж буй ажлынхаа үр дүнг танилцууллаа.


“Дэлхийн түншлэл 2017” форумыг Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ээс дөрөв дэх жилдээ АНУ-ын Вашингтон хотноо 2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулсан юм. Форумд дэлхий дахинд нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжиж буй 34 төслийн багийг төлөөлсөн 270 орчим хүн оролцож туршлагаа харилцан солилцлоо.

Форумд БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ж.Бямбацогт, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн зөвлөх Д.Хишигбуян нар оролцсон. Энэ үеэр БСШУСЯ, СЭЭБХ-дыг цаашид дэмжин ажиллах зорилготой бөгөөд боловсролын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөс СЭЭБХ-дыг чадавхжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Энэ санаачилга хэрэгжсэнээр “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд байгуулагдах 28 СЭЭБХ бүр боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Форум зохион байгуулагч, “Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл”-ээс Монгол Улсын энэ санал, санаачилгыг онцолж, тус байгууллагын менежер Жефф Тиндуа “Засаглалыг сайжруулах зорилгын хүрээнд Засгийн газрууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан санаачилгуудыг бид бүхий л талаар дэмжин ажилладаг. Энэ ч утгаараа Монгол Улс дахь хамтын ажиллагааны энэ хэлбэр нь сайн туршлагын нэг болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

“Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл” нь 52 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн банкны итгэлцлийн сан юм. “Дэлхийн түншлэл 2017” форум харилцан суралцаж, туршлага хуваалцах, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн 2020 он хүртэлх ерөнхий зорилго гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.