Суралцах орчныг сайжруулахад иргэдийг оролцуулж буй сайн туршлагыг бодлогын зөвлөгөөн онцлов
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн баг БСШУСЯ-тай хамтран “Боловсролын засаглал дахь нийгмийн эгэх хариуцлага” бодлогын зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Бодлогын зөвлөгөөнд төслийн зорилтот Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар (БСУГ)-ын дарга нар, төслийн зорилтот сургуулиудын захирал, багш нар, СЭЭБХ, ТББ-уудаас гадна БСШУСЯ, СЯ, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Боловсролын хүрээлэнгийн төлөөлөл бүхий нийт 70 гаруй хүн оролцлоо.
Боловсрол, тэр дундаа ерөнхий боловсролын сургалтын чанарыг бид дан ганц багш, захирал эсвэл сургуулиас хамааруулж ойлгосоор ирсэн уламжлалт хандлагаа халах цаг ирсэнийг Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд боловсруулсан Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-д, Сайн сургуулийг дэмжих аргачлал, Төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах аргачлалыг хэрэгжүүлсний амжилтын түүх илтгэж байна.
Сүхбаатар аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа
Архангай аймгийн Өлзийт сумын сургууль, Баян-Өлгий аймгийн 4 дүгээр сургууль, Булган аймгийн 1 дүгээр сургууль, Увс аймгийн 3 дугаар сургууль, Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургуулийн СЭЭБХ-д, мөн Ховд аймгийн “Сурах чадварыг бэхжүүлэх нь төв” ТББ төслийн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг хэрэгжүүлж, бүтээлчээр хамтран ажилласны үр дүн, ололт, амжилт, мөн хүндрэл бэрхшээлээ хэрхэн даван туулсан туршлагаа хуваалцлаа.
Зөвлөгөөнд оролцогчид сурагчдын суралцах орчинг ээлтэй, аюулгүй болгох, боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн төлөө эцэг эх, багш, ТББ, хувийн хэвшил, сум ба аймгийн удирдлага хамтран ажилласан туршлагаа нээлттэй ярилцаж, туршлага солилцсон юм.
Бодлогын зөвлөгөөний “Боловсролын тухай хууль дахь олон нийтийн оролцоог боловсронгуй болгох нь” хэлэлцүүлгийн үеэр Боловсролын тухай хуульд заасан сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдийг удирдлагын шийдвэрээр сонгодог, үйл ажиллагаа нь хэлбэр төдий, үр дүнгүй байдгийг хэрхэн сайжруулах боломжийн талаар санал солилцож хэлэлцүүлгийн үр дүн, санал, зөвлөмжийг БСШУСЯ-нд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Булган аймгийн БСУГ-ын дарга Б.Эрдэнэбаатар “СЭЭБХ нь сургуульд тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлж, улмаар тухайн асуудлыг хариуцдаг төрийн байгууллагад сурагчид, эцэг эх, багш нарын дуу хоолойг хүргэх гүүр болон ажилладаг, зорилго, чиглэл, үйл ажиллагаа нь зөв байгууллага гэж би үздэг. Ангийн болон сургуулийн зөвлөл гэдэг сургалтын чанараас өөр зорилгод чиглэсэн, үр дүнгүй бүтцийг шинэчлэх боломж, шийдэл үүссэнийг бид олзуурхаж, дэмжин ажилладаг” гэсэн юм.
Түүнчлэн Архангай, Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төслийн “Харилцан суралцъя” бүсийн чуулганаас гарсан боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны үйл явцад иргэдийн оролцоог сааруулж буй хууль тогтоомж, дүрэм журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зөвлөмжтэй танилцлаа. Цаашид боловсролын салбарт хуваарилах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг эдийн засгийн үндэслэл бүхий үр ашигтай болгох талаар баримталж буй бодлого, боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, хувьсах зардлын нормативийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар СЯ-ны Төсвийн зарлагын хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Санжаадоржоос мэдээлэл авч, санал солилцлоо.
СЯ-ны Төсвийн зарлагын хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн М.Санжаадорж
Оролцогчид Боловсролын хүрээлэнгээс боловсруулсан “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн төсөл, “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцэж, аймаг, сумын түвшинд тулгамддаг асуудал, аймгийн БСУГ-ын чиг үүрэг, жишиг бүтцийг шинэчлэн батлах хэрэгцээ, амралтын хуваарийг өөрчлөн зохицуулах эрх мэдлийг аймагт шилжүүлэх, үүсгэн байгуулсан анхны зорилгоо нэгэнт хангасан лаборатори сургуулиудын талаарх цаашдын төлөвлөгөө, сурагчийн ачааллыг үндэслэлтэй тооцоолох, сургуулийн дотуур байрны багшийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлох асуудлыг хөндсөн юм.
Бодлогын зөвлөгөөний хоёр дахь өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн ахлах зөвлөх С.Мөнхбат оролцож үг хэллээ. Тэрээр “Та бүхний гаргасан санал, зөвлөмжүүд яамны бодлого, шийдвэрт тусгалаа олж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон тэмдэглэв.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр