“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжиж эхэллээ

2018-03-15
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Өвөрхангай аймгийн зорилтот сумдад хэрэгжиж эхэллээ. Уг төслийн оролцогч талуудын нэгдсэн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Уулзалтанд Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөллүүд, аймгийн төвийн сургуулиудын захирал, багш, иргэд, төрийн бус байгууллага, аймгийн сургалт судалгааны агентлагийн төлөөлөл болсон нийт 35 хүн оролцлоо. 

Энэхүү нэгдсэн уулзалтыг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд нээж, үг хэллээ. Тэрээр “Аймаг орон нутагт янз бүрийн төсөл санаачлагууд хэрэгждэг. Хамгийн гол нь үр дүн тогтвортой байх нь чухал бөгөөд төслийг цаашид орон нутагтаа амжилттай нутагшуулах нь хамгийн чухал” хэмээн дурдсан юм. Мөн төслийг хэрэгжүүлэгч “Глоб Интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал оролцогчдод хандаж, видео мэндчилгээ дэвшүүллээ. 

Оролцогч талуудын нэгдсэн уулзалтын үеэр аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн “Аймгийн боловсролын 2018 оны төсөв, тулгарч буй асуудал, шийдэх боломжууд” сэдвээр, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ц.Оюун “Аймгийн боловсролын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тулгарч буй асуудал, шийдэх боломжууд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн аймгийн сургуулиудад тулгамдаж буй гол асуудал нь анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын стандартад нийцсэн анги кабинетийн тохижилтыг хийхэд шаардлагатай төсөв хүрэлцдэггүй, мөн боловсон хүчин, багш ажилчид дутмаг зэрэг асуудлуудыг дурдсан юм. Тэрээр жил бүр аймгийн нийт төсвийн боловсролын салбарт зарцуулах хувийг тогтмол болгож өгснөөр аймаг орон нутаг төсвийн зөв зүйтэй хуваарилалт хийх боломжтой болно гэлээ. 

                                                      Өвөрхангай аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн

Энэхүү төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р сургууль, Хужирт сумын сургууль, Хархорин сумын 1-р сургууль тус тус Сургуулийн эцэг эх, багшийн холбоог сайн дурын үндсэн дээр байгуулж, тухайн сургуульд тулгамдаж буй аливаа асуудлыг шийдэх, сурагчдын сургалтын амжилтыг дээшлүүлэхэд эцэг эх, багшийн хамтын оролцоог дэмжих хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. Сургуулийн эцэг эх, багшийн холбоо нь сургууль ба гэр бүл хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжих, хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. 


Уулзалтын хоёрдугаар хэсэгт “Глоб Интернэшнл төв” ТББ-ын төслийн зохицуулагч Б.Сарантуяа “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн танилцуулга, ололт амжилтын талаар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлал, үр дүн” “Нийгмийн эгэх хариуцлага ба иргэдийн оролцоо”  сэдвээр тус тус танилцуулга хийлээ. 


“Глоб Интернэшнл төв” ТББ-ын төслийн зохицуулагч Б.Сарантуяа

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн уг төсөл онд Архангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт 20 суманд амжилттай хэрэгжиж байна.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.