“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Сүхбаатар аймагт хэрэгжиж эхэллээ

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Сүхбаатар аймгийн зорилтот таван сумдад хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан төслийн нэгдсэн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа. Уулзалтанд аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөллүүд, аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, багш, нийгмийн ажилтан, нягтлан бодогч, арга зүйч, сурагчдын эцэг эх болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 40 хүн оролцлоо.
Уулзалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд нээж үг хэллээ. Тэрээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү сайн чанартай үйлчилгээг хүргэхэд хувь нэмэр оруулах төсөл тус аймагт хэрэгжиж эхэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Төслийн үйл ажиллагааг дэмжих төдийгүй, аймгийн бусад сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллагуудад туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах болно хэмээн мэдэгдлээ. Мөн төслийг хэрэгжүүлэгч “Глоб Интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал оролцогчдод хандаж, видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р сургууль, Асгат, Мөнххаан, Наран, Сүхбаатар сумын сургуулиуд тус тус Сургуулийн эцэг эх, багшийн холбоод байгуулж, тухайн сургуульд тулгамдаж буй аливаа асуудлыг шийдэх, сурагчдын сургалтын амжилтыг дээшлүүлэхэд эцэг эх, багшийн хамтын оролцоог дэмжих хүрээнд үйл ажиллагаа явуулах юм.
Нэгдсэн уулзалтын үеэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Л.Байгалмаа “Аймгийн боловсролын 2018 оны төсөв, тулгарч буй асуудал, шийдэх боломж” сэдвээр, аймгийн Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Батболд “Аймгийн Боловсролын 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тулгарч буй асуудал, шийдэх боломжууд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Сүхбаатар аймгийн сургуулиудын хувьд үдийн цайны бараа, материал худалдан авахдаа аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл ийг дэмжихийг хичээдэг. Цаашид худалдан авах ажиллагааны үйл явцыг нээлттэй, ил тод болгох, төсвийн захиран зарцуулалтыг багш, эцэг эхчүүдэд тогтмол танилцуулах нь хамгийн чухал хэмээн БСУГ-ын дарга Л.Болормаа дурдлаа.
Уулзалтын хоёрдугаар хэсэгт “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн сургагч багш З.Цогтгэрэл “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо”-ны үзэл баримтлал, үр дүн” сэдвээр танилцуулга хийсэн юм. Мөн “Глоб Интернэшнл төв” ТББ-ын хөтөлбөрийн менежер Ц.Халиун “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн танилцуулга, ололт амжилтын талаар илтгэл тавьлаа.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн гол зорилго нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмэр оруулах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг төсөл 2016, 2017 онд Архангай, Булган, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт 20 суманд амжилттай хэрэгжиж байна.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр