Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуульд сургалт зохион байгуулагдлаа

2018-03-26
Хэвлэх

“Сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлэхэд суралцах нь” сэдвийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Чой.Лувсанжавын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд сургалт зохион байгууллаа. 2018 оны гуравдугаар сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгуулсан уг сургалтад багш, эцэг эхчүүдээс бүрдсэн нийт 14 хүн оролцсон бөгөөд сургагч багшаар А.Ариунаа, Б.Болорсайхан нар ажилласан юм.

Сургалтын үеэр “Бидний мөрөөдлийн сургууль” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “СЭЭБХ-ны зорилго, үнэт зүйл, зарчим”, “СЭЭБХ байгуулах үе шат”, “Сайн сургуулийг дэмжих аргачлал гэж юу вэ?” зэрэг сэдвээр танилцуулга, сургалт хийлээ. Сургуулийн 124 эцэг эхээс ес, 50 багшаас тав, нийт 14 эцэг эх, багшийг тусгай аргачлалын дагуу сонгож, сургалтад хамруулсан юм. Багш Жамъяансүрэн “Анх сургалтад хамрагдах 5 багшийн нэгээр сонгогдохдоо саналыг тийм ч дуртай хүлээж аваагүй. Одоо бол энэ сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Оролцооны олон аргад суралцлаа” гэв.  

Харин эцэг эхийн төлөөлөл н.Энхцэцэг “Энэ сургалтад сууснаар юуны өмнө танилын хүрээ минь тэллээ. Миний хүүхэд энэ жил 1-р ангид орсон. Тиймээс цаашид иймэрхүү үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоно. Энэ удаагийн сургалтын хувьд эцэг эхчүүд багштайгаа хамтраад хүүхдээ хэрхэн хөгжүүлж болох вэ гэдгийг мэдэж авлаа” хэмээн санал сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хужирт сумын сургуулийн удирдлагын багтай хийсэн уулзалтын үеэр захирал Т.Баярмөнх, сургалтын менежер Б.Жавзмаа, Л.Сувд-Эрин, А.Гантулга, нийгмийн ажилтан Б.Золзаяа, нярав Ч.Даваасамбуу нар оролцож санал, бодлоо солилцлоо. Тус сургуулийн захирал Т.Баярмөнх “СЭЭБХ байгуулах үйл явцыг өөрийн нөөц боломжийн хэрээр дэмжиж хамтарч ажиллана” хэмээн онцоллоо. Сургалтад хамрагдсан багш, эцэг эхчүүд хоёр өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид СЭЭБХ-г байгуулаад үйл ажиллагаагаа сайн явуулж чадвал сайн сургууль, сайн суралцагч, сайхан амьдрал эхлэх юм гэдгийг ойлгож авлаа хэмээн сургалтын ач холбогдлыг дүгнэлээ. Мөн ССДА-ын талаар дэлгэрэнгүй судлах, СЭЭБХ-ны талаар илүү ихийг  мэдэх, мэдээллээ бататгах, хүүхдийн хүмүүжлийн тухай сэдвээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.