Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн багш, эцэг эхчүүд хамтран ажиллана

2018-03-28
Хэвлэх

Сургуулийн эцэг эх, багшийн холбоог байгуулах үйл явцыг чиглүүлэх сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 13,14-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Наран сумын сургууль дээр зохион байгууллаа. Сургагч багшаар Г.Ганцэцэг, Ч.Лхагвасүрэн нар ажиллан СЭЭБХ байгуулах үйл явц, Сайн сургуулийг дэмжих аргачлалын талаар оролцогчдод мэдлэг ойлголт өглөө.

Орон нутгийн боловсролын байгууллагад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн уг сургалтад нийт 10 эцэг эх, 5 багш оролцсон байна. Оролцогч багш Б.Болормаа “Анх удаа эцэг эхчүүдтэйгээ нэг баг болж, сургалтад оролцож байна. Эцэг эхчүүдтэйгээ сайн танилцаж, баг болон ажиллах анхны алхам тавигдсанд баяртай байна. Багш бид сум, орон нутгийн удирдлагуудад тулгамдсан асуудлын талаар санал, бодлоо илэрхийлэх,шийдвэрлүүлэх аргаа олдоггүй байсан. Сургалтад хамрагдсанаар асуудлаа хэнд, хэрхэн дэвшүүлэх талаар мэдлэгтэй боллоо. Эцэг эхчүүддээ итгэж, тэдэнд урам өгч ажиллана гэж бодож байна” гэлээ. Харин эцэг эхийн төлөөлөл Л.Төртүвшин "Миний хувьд боловсролтой холбоотой агуулгаар анх удаа багш нартай хамт сургалтад хамрагдлаа. Ардчилсан нийгэмд "ардчилал" доголдож байгааг илүү мэдлээ. СЭЭБХ байгуулж, орон нутгийнхаа сургуулийн засаглалыг сайжруулах нь чухал. Заримдаа бусдад зөвхөн ярьж, тайлбарлах хангалтгүй байдаг. Хийж үзүүлж байж бүрэн, гүйцэт ойлгуулах тохиолдол бий. Тэгэхээр бид энэ багаараа сайн ажиллах хэрэгтэй байна” хэмээн сургалтын талаар санал, бодлоо илэрхийлсэн юм.

Тус сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэбат "Зөвхөн төсвөөс хөрөнгө мөнгө харах бус бусад оролцооны аргаар сургууль руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг ойлголтыг багш, эцэг эхчүүдэд өгсөн нь сайн байна" хэмээн хэллээ. Мөн төслийн багийнхан оролцогч талуудын уулзалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр сумын засаг дарга Л.Оч үг хэлэхдээ "Энэ төсөл нь эцэг эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулахад чухал нөлөө үзүүлэх юм байна. 2018 оны сумын болон аймгийн мөрийн хөтөлбөрт дотуур байр барихаар төлөвлөсөн нь 2019 онд баригдана. Сумын хөгжлийн үндэс бол сургууль гэж боддог. Манай сумын иргэд, эцэг эхийн оролцоо сайжрах байх. Сумын Засаг даргын нөөцөөс сургуулийн тулгамдсан асуудлыг шийдэхэд хамтарч ажиллана." гэлээ.

Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн захирал Ө.Боргил, нийгмийн ажилтан Д.Ариун-Эрдэнэ, сургалтын менежер Н.Хонгорзул нар оролцогч талуудын уулзалтад оролцсон бөгөөд цаашид сургуулийн удирдлагын зүгээс эцэг эх, багш нарт тусалж, дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.