Улаангом суманд “Харилцан суралцъя” чуулган зохион байгууллаа

2018-04-10
Хэвлэх

Увс аймгийн Улаангом сумын III сургууль, Зүүнговь, Тэс сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны төлөөлөл, сургуулийн захирлууд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөллүүд 2018 оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Харилцан суралцъя” чуулганд оролцлоо.

Чуулганыг Увс аймгийн БСУГ-ын дарга С.Дашням нээж, чуулганы зорилго, хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр “Энэхүү төсөл нь аливаа бараа материал, мөнгөөр хандив, тусламж үзүүлэхийг зорьдоггүй. Энэ төслийн хүрээнд багш, эцэг эхчүүд хамтын харилцаагаа бэхжүүлж, сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, эрх баригчдад хүргэж, шийдвэрлүүлэх чадамжид сургадаг. Мөн сургуулийн төсөв, худалдан авах ажиллагаанд хяналт тавихад эцэг эх, багш нарыг чадавхжуулах, иргэдийн оролцооны талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготой төсөл юм” хэмээн онцлон хэллээ.

Зүүн гар талаас Увс аймгийн БСУГ-ын дарга С.Дашням, Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат

Энэ удаагийн чуулганаар СЭЭБХ-д өөрсдийн санаачилгаар зохион байгуулсан үйл ажиллагаагаа танилцуулж, сургуулийн орчинд хамтын манлайллыг хэрхэн хэрэгжүүлж буй сайн туршлагаа хуваалцахаас гадна сургуулиудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх боломжийг хэлэлцэж орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхээр зорьсон юм.

Улаангом сумын III сургуулийн СЭЭБХ эцэг эхийн нэрэмжит олимпиад, АХА асуулт хариултын тэмцээн, оёдол, гар урлалын сургалт гэх мэт үйл ажиллагааг эцэг эхчүүдтэй хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа. Харин Тэс сумын сургуулийн сурагчдын 80 орчим хувь нь дотуур байранд амьдардаг тул багш, эцэг эхчүүд хамтран дотуур байрны тохижилт, номын сангийн баяжилт зэрэгт анхаарал хандуулж хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байна. Энэ ажлын хүрээнд бага ангийн багш нар дотуур байрны сурагчдад ээлжээр давтлага хичээл заах, эцэг эхчүүд хүүхэддээ эсгий шаахай урлах, дотуур байрны гэрэлтүүлгийг сайжруулсан гэх мэт хамтын хүчээр шийдсэн ажлуудаа дурдлаа.

Зүүнговь сумын СЭЭБХ-ны төлөөллүүд

Мөн Зүүнговь сумын сургуульд СЭЭБХ байгуулагдсанаар сумын иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал хандуулж, сургуулиас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон. Өмнө нь эцэг эхийн хурал зарлахад 7-8 хүн л ирдэг байсан. СЭЭБХ байгуулагдсанаар хүүхэддээ анхаарал хандуулах эцэг эхчүүдийн оролцоо илт нэмэгдсэн. Манай суманд СЭЭБХ гэж мэдэхгүй хүн бараг байхгүй хэмээн эцэг эхийн төлөөлөл Д.Хандсүрэн хэллээ.

СЭЭБХ-д сайн туршлагаа танилцуулсны дараа Зүүнговь сумын ИТХ-ын тэргүүлэгч Г.Цэрэндулам үг хэлсэн юм. Тэрээр “СЭЭБХ-дын тайланг харахад багагүй өөрчлөлт, чамлахааргүй ололт, амжилт харагдаж байна. Боловсролын салбарт хийгдэж буй ажлын үр дүн урт хугацааны дараа харагддаг. Тиймээс урт хугацаандаа улам их өөрчлөлт гарна гэж итгэж байна. Эцэг эхчүүдийг боловсролын салбарын үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа нь энэ төслийн хамгийн том ололт байна” хэмээн хэллээ.

Зүүнговь сумын ИТХ-ын тэргүүлэгч Г.Цэрэндулам

Мөн  аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат: “Төсөл хэрэгжиж буй сумдын сургууль дээр олон үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн байна. СЭЭБХ-д үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхой гаргаад түүнийхээ дагуу ажлаа үргэлжлүүлэх нь илүү ач холбогдолтой. Ингэснээр хийж буй ажлынхаа үр дүнг нарийвчлан харах боломжтой” хэмээн хэлсэн юм.

Чуулганы төгсгөлд сургууль тус бүр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, аймгийн Засаг дарга Д.Батсайханд албан ёсны хүсэлт хүргүүлэхээр боллоо. Үүнд Улаангом сумын III сургуулийн дээврийн их засварын ажил, Тэс, Зүүнговь сумын сургуулийн өргөтгөл, спорт болон урлаг зал стандарт бус зэрэг асуудлуудыг дурдсан юм. Үүний дараа ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Оюунбилэг мэдээлэл өгсөн бөгөөд тэрээр хэлэхдээ “дээр дурдсан асуудлуудыг аймгийн удирдлагууд мэдэж байгаа. Өөрсдийн биеэр очиж танилцсан. Эдгээрээс нэн тэргүүнд III сургуулийн дээврийн засварын ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн аймгийн засаг дарга үүрэг өгсөн. Энэ ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээн хэллээ.


Чуулганы хоёр дахь өдөр буюу 31-нд “Худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд СЭЭБХ хэрхэн мониторинг хийх тухай”, “Боловсролын төсвийн үйл явцад СЭЭБХ-ны оролцоо” сэдвээр орон нутгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд СЭЭБХ-ны төлөөлөл, сургуулийн захирлуудад сургалт зохион байгуулсан юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.