Хөвсгөл аймгийн СЭЭБХ орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Хөвсгөл аймагт 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэхүү төсөл Мөрөн сумын Гурван-Эрдэнэ, Цагааннуур, Цагаан-Уул, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-уудад хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд тус ЕБС-иудад эцэг эх, багшийн хамтын ажиллагаанд суурилсан Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
2018 оны 4 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд Мөрөн суманд зорилтот сумдын СЭЭБХ-ны төлөөллүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа. Сургалтад “СЭЭБХ-ны хөгжлийн үнэлгээ”, “Боловсролын эгэх хариуцлагад СЭЭБХ-ны оролцоо”, “Сургуулийн бодлого, шийдвэрт СЭЭБХ-ны оролцоо” зэрэг сэдвээр багш, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн захирлууд шинэ ур чадварт суралцаж, мэдлэг ойлголтоо бататгасан юм. Чиглүүлэгчээр “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, тус эвслийн сургагч багш Ч.Лхагвасүрэн нар ажиллалаа.
Түүнчлэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн ахлах мэргэжилтэн
Н.Далайжаргал, аймгийн Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн
З.Гал-Эрдэнэ, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Хөвсгөл аймгийн зохицуулагч
Ч.Батдорж нар оролцон сургуулийн төсөв, худалдан авах ажиллагаа болон Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах үйл явцад СЭЭБХ, иргэд хэрхэн
оролцох талаар мэдээлэл, сургалт хийлээ.
2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр СЭЭБХ-ны төлөөлөгчид, сургуулиудын захирал, аймгийн ИТХ, БСУГ, ЗДТГ-ын төлөөллүүд хамтарсан уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар СЭЭБХ-д сурлагын амжилтыг хөхиүлэн дэмжихээр өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа. Мөн сургуулийн орчинд тулгамдаж буй, сумын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлуудаа хэлэлцэж, аймгийн удирдлагуудад хүргүүлэхээр болсон юм.
Үүнд сургуулийн анги танхимын хүрэлцээ муу, засвар, өргөтгөлийн ажил хийх шаардлагатай, хөвгүүдийн дотуур байр стандарт нийцэхгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байгаа, Цагааннуур сумын сургууль нэгдсэн халаалттай болгох шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм.
Сургууль бүрт тулгамдаж буй асуудлыг аймгийн ИТХ-ын ажлын албаны
мэргэжилтэн Р.Машбат ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, нэн түрүүнд Цагаан-Уул сумын
сургуулийн дотуур байрны дээврийн засвар үйлчилгээ, мөн бусад сургуулийн өргөтгөл, их засварын ажлыг 2019 оны төсөвт
тусган шийдвэрлэхээр чармайн ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн төслийн зүгээс
дэвшүүлсэн БСУГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөл байгуулах санаачилгыг аймгийн
ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулна хэмээн хэллээ.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр