Баян-Өлгий аймгийн удирдлагууд Сургуулийн эцэг эх, багшийн холбоодтой уулзлаа

2018-04-20
Хэвлэх

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р сургууль, Буянт, Баяннуур, Толбо, Улаанхус, Цэнгэл сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны төлөөллүүд болон сургуулийн захирлууд 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч, сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, сургуулийн захирлууд, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтыг аймгийн Засаг даргын орлогч А.Камелият нээж, үг хэлсэн юм. Тэрээр “Боловсролын салбар бол бүхний тэргүүнд байх ёстой. Сайн боловсролтой иргэн сайхан нийгмийг бүтээж чадна. Боловсрол гэдэг бол дан ганц багшийн ажил биш. Багш, эцэг эх, захирал, орон нутгийн удирдлагуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж байгаагаараа энэ төсөл ач холбогдолтой” гэлээ. Уулзалтын үеэр СЭЭБХ-ны төлөөллүүд Сайн сургуулийг дэмжих аргачлалыг хэрэгжүүлж, сургуулийн орчныг сайжруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр өөрсдийн зохион байгуулсан үйл ажиллагаа болон ололт, амжилтаа хуваалцлаа. Мөн сургуулиудад тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдэх боломжийг хамтран хэлэлцэж, аймгийн Засаг дарга А.Гылымханд нэгтгэсэн санал хүргүүлэхээр боллоо.

Зорилтот сургуулиудын хувьд хичээлийн шинэ байр, стандарт хангасан спорт танхимтай болох, сургалтын ширээ сандлыг шинэчлэх, дотуур байрны тохижилтыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөж байлаа. Жишээ нь, Баяннуур сумын спорт танхимын ашиглалтын хугацаа 2015 онд дууссан ч одоог хүртэл ашигласаар байгаа. Өвөлдөө маш хүйтэн, биеийн тамирын хичээлд сурагчид гадуур хувцастай ордог. Харин Цэнгэл сумын сургууль зориулалтын бус байранд буюу дотуур байранд хичээллэдэг. Үндэстний цөөнх Тува хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгааг СЭЭБХ-ны гишүүд онцолж байлаа.

СЭЭБХ байгуулагдсанаар сургуулийн орчинд олон эерэг өөрчлөлт бий болж байгааг төлөөлөгчид дурдсан юм. Өмнө нь материаллаг орчны ажиглалт хийх үед сургуулийн ажилтан, багш, захирал шалгалт явуулж байгаа мэтээр ойлгодог байсан. Харин одоо хүн бүр сургуулиа сайжруулах СЭЭБХ-ны зорилгыг мэддэг болсноор яаж хамтарч ажиллаж болох талаар санал бодлоо дэвшүүлдэг болсон гэлээ.

Уулзалтын хоёр дахь өдөр буюу 13-нд СЭЭБХ-ны төлөөллүүд болон сургуулийн захирлуудад аймгийн мэргэжилтнүүд сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөх, зарцуулах үйл явц дахь СЭЭБХ-ны оролцоо”, “Худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтэд СЭЭБХ хэрхэн мониторинг хийх тухай”, “Боловсролын төсвийн үйл явцад СЭЭБХ-ны оролцоо” зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, мөн оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.