Булган аймагт нөлөөллийн уулзалт зохион байгууллаа

2018-05-11
Хэвлэх

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Сургуулийн эцэг эх, багшийн холбоод болон сургуулийн захирлууд 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын эхний хэсэгт Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, аймгийн засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал, Боловсрол, соёл, урлагийн газар (БСУГ)-ын төсвийн мэргэжилтэн Г.Ихбаяр, мэргэжилтэн Д.Алтаншагай нар оролцлоо.


Уулзалтаар зорилтот сумдын СЭЭБХ-д эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг орчинд тулгамдсан асуудлыг тодорхойлох, хамтран сайжруулах зорилгоор санаачлан зохион байгуулсан ажлаа аймгийн удирдлагуудад тайлагнаж, мөн цаашид үргэлжлүүлэн хийх ажлаа танилцуулсан юм. Аймгийн удирдлагууд СЭЭБХ-дын санаачлан хэрэгжүүлсэн ажлыг сайшаагаад цаашид холбооны гишүүнчлэлээ тэлж, олон эцэг эхчүүдийг үйл ажиллагаандаа татан оролцуулах хэрэгтэй. Мөн СЭЭБХ-д аймгийн бусад сургуульд туршлагаа хуваалцан, арга зүйгээ хуваалцаасай хэмээн хүсэж байна гэлээ.


Мөн СЭЭБХ-д сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудаа аймгийн удирдлагуудад танилцуулж, шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн юм. Энэ үеэр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Наранжаргал уулзалтыг дүгнэн үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: “Дээрх сургуулиудад тулгамдаж буй асуудлууд сумын түвшинд үнэхээр шийдвэрлэх боломжгүй бол аймгийн зүгээс бид зохих арга хэмжээг авч, аль болох шийдэж өгөхийг хичээн ажиллана. Иргэдийн оролцоо, олон нийтийн чадавхыг сайжруулах зорилготой энэ төслийн үйл ажиллагаа манай сумын иргэдэд чухал ач холбогдолтой. Мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэдтэйгээ хамтран ажиллахад хэзээд нээлттэй байх болно” гэсэн юм.


Уулзалтын хоёрдугаар хэсэгт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сургуулийн эцэг эх, багшийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагаа, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Булган аймагт улсын бүртгэлтэй 120 гаруй төрийн бус байгууллага байдаг. Аймгийн ИТХ 2015 онд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах журам хэлэлцэж баталсан. Уг журмын дагуу жил бүр төрийн бус байгууллагуудаас санал авч, хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулан ажилладаг байна.


Булган аймгийн зорилтот сумдын СЭЭБХ-д ИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзах үеэр Орхон сумын засаг дарга С.Бат-Эрдэнэ төслийн үйл ажиллагааны талаарх өөрийн санал бодлоо хуваалцсан юм. Тэрээр “Төслийн үйл ажиллагааг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж, БСУГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах хэрэгтэй. Зөвхөн материаллаг орчин төдийгүй сургуулийн сэтгэл зүйн орчинд ч маш том эерэг өөрчлөлт бий болж эхэлснийг би өөрийн биеэр мэдэрсэн. Багш, сурагч, эцэг эхчүүдийн оюун санаанд өөрчлөлт гарч, бүгд хамтран ажиллавал ямар нэг сайн үр дүнд хүрэх юм байна гэсэн эерэг хандлага сургуулийн орчинд бий болж байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ. 

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.