Баруун-Урт сумын 2-р сургуулийн СЭЭБХ бүх гишүүдийн хурал зохион байгууллаа

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн СЭЭБХ байгуулах үндсэн бүлгийн гишүүд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр СЭЭБХ-ны бүх гишүүдийн хурал зохион байгууллаа. “Хүүхдэд ээлтэй, Бүгдэд нээлттэй” уриан дор үйл ажиллагаа явуулдаг тус сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг байна. Бүх гишүүдийн хуралд анги бүрийн сурагчдын эцэг эх, багш нарын төлөөлөл болсон 70 орчим хүн оролцлоо.
Бүх гишүүдийн хурал
Хурлын эхэнд “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага”
төслийн танилцуулга, зорилго, бусад аймаг, сумдад гарсан төслийн үр дүнгийн
талаар чиглүүлэгч Т.Амарзаяа танилцуулга хийлээ.
Тус бүх гишүүдийн хурлаар СЭЭБХ-ны эцэг эх, багш нар Удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Тус сургуулийн СЭЭБХ Удирдах зөвлөл нийт 9 гишүүнтэй байна гэж дүрэм баталсан байна. Энэ дүрмийн дагуу 3 багш, 6 эцэг эх сонгуулийн санал хураалтаар сонгогдлоо. Үүнд багш нараас Б.Батсайхан, Г.Баярмаа, Г.Наранцэцэг нар хамгийн олон санал авч, СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Мөн эцэг эхийн төлөөлөл Х.Сонинчимэг, Т.Шинэчимэг, С.Байгалмаа, Т.Ариунжаргал, Ч.Энхтүвшин нар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд
СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хоёр өдрийн чадавх бэхжүүлэх сургалтанд хамрагдсан юм. Сургалтын үр дүнгийн талаар гишүүд бүгд сэтгэл ханамж өндөр байгаагаа илэрхийлж байлаа. 2-р сургуулийн Насан туршийн боловсролын багш Б.Батсайхан “Би олон сургалт, семинарт хамрагдаж байсан. Сургалт гэхээр ширээний ард суугаад лекц сонсоно гэж бодож байлаа. Гэтэл өнгөрсөн хоёр өдрийн сургалт оролцооны аргад суурилсан тун сонирхолтой сургалт байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн эцэг эхийн төлөөлөл Ч.Энхтүвшин “Би хувиараа бизнес эрхэлдэг. Олон түмнийхээ дунд ажилладаг болохоор ч тэр үү, хэн нэгэнд тустай, хэрэгтэй зүйлийг сайн дураараа хийх юмсан гэж боддог байсан. Энэ хүслийг минь өрдөж өглөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
СЭЭБХ-ны дотоод аудитын хороо Ж.Оюунтуяа, М.Балжинням, Б.Батцэцэг
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр