Сүхбаатар аймгийн СЭЭБХ-ны төлөөллүүд “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" чуулганд оролцлоо

2018-05-30
Хэвлэх

"Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвслээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний чуулган 5-р сарын 24,25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдлоо. 9 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганаар иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн, төрийн бус, ОУБ-ын төлөөллүүд тэгш хамруулах боловсрол, насан туршийн боловсрол, дээд боловсролын чанарын асуудлыг хэлэлцлээ.

Чуулганы эхний өдөр тэгш хамруулах боловсролын асуудлыг хэлэлцсэн юм. Тэгш хамруулах боловсрол гэдэг нь бүх хүүхдийг аливаа ялгаатай байдлаас нь үл хамааран, онцлог хэрэгцээнд нь тулгуурлан, боловсрол эзэмших адил тэгш эрхээр хангах тухай асуудал юм. Харин “Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол хамрагдалт 50 хүрэхгүй хувьтай байгаа нь эдгээр хүүхдүүдийн эрхийг зөрчсөөр байна” хэмээн иргэний нийгмийн үндэсний 9-р чуулганд оролцогч талууд онцолж байлаа. Харин чуулганы 2 дахь өдөр насан турш суралцах үйл явц болон дээд боловсролын чанарын асуудлаар үргэлжилсэн юм.

Уг чуулганд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р сургуулийн багш, СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Баярмаа, Наран сумын сургуулийн багш Л.Болормаа, нар оролцлоо. Тэд чуулганы дараа тэгш хамруулах боловсролын асуудлаар өөр өөрсдийн байр суурь болон, чуулганы ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р сургуулийн багш, СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Баярмаа:


Боловсрол, Чанар, Санхүүжилт, Хариуцлага чуулганд оролцсоноор маш олон талын мэдээлэл авлаа. Үүнээс хамгийн чухал нь тэгш хамруулах боловсролын асуудал байлаа. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг ч тэд тэгш хамруулах боловсролыг эзэмшдэггүй. Тэдгээр хүүхдүүд тусгай анги танхимд нас, анги харгалзахгүйгээр нийтдээ хичээлд хамрагддаг. Уг нь хүнд хэлбэрийн тархины саа, архаг гэмтэлтэй хүүхэд биш л бол бусад энгийн хүүхдүүдтэй адил сурч, боловсрол эзэмших боломжтой. Зарим нь энгийн хүүхдүүдээс илүү ой тогтоолт, хичээл зүтгэлтэй байдаг гэдгийг мэдэж авлаа. Боловсролыг тэгш хамруулахад анги удирдсан багш эсвэл тухайн хичээл зааж буй багшаас багахан хичээл зүтгэл, сэтгэл шаардагдах аж. Өмнө нь энэ чуулганд хамрагдахаасаа өмнө энгийн хүүхдүүдтэй хамт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нь боломжгүй зүйл гэж бодож байлаа. Одоо бодол маань өөрчлөгдсөн. Бүх хүүхэд адил тэгш сурч боловсрох эрхтэй гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож авлаа. Өөрийн мэдсэн, сонссоноо сургуулийнхаа багш болон СЭЭБХ-ны гишүүддээ танилцуулах болно.

Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн багш, СЭЭБХ-ны дотоод аудит Л.Болормаа:


Өмнө нь тэгш хамруулах боловсролын талаар зөв ойлголтгүй байсан.  Энэ чуулганд оролцсоноороо ойлголт, мэдэгдхүүнтэй боллоо. Тэгш хамруулах боловсролыг хүртээмжтэй болгохын тулд материаллаг орчин маш чухал нөлөөтэй юм байна. Наад зах нь налуу шат сургуульд байх ёстой. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдтэй адилхан нэг ангид суралцдаг. Өмнө нь би энэ чуулганд оролцохоосоо өмнө манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байдгийг ч мэддэггүй байсан. Багш хүний хувьд өөрийгөө илүү их чадавхжуулж, бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн хичээл заах арга зүйд суралцах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Бид хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг учраас тэднийг ойлгож, юу хүсэж тэмүүлж байгааг нь ойлгож мэдэрдэг байх ёстой.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.