Булган аймгийн Орхон сумын СЭЭБХ удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонгов

Булган аймгийн Орхон суманд 2018 оны 9 дүгээр сарын 24,
25-ны өдрүүдэд Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-ны үйл явцыг чиглүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа. Сургагч багшаар “Бүх
нийт боловсролын төлөө!”
Иргэний нийгмийн үндэсний эвслийн хөтөлбөрийн ажилтан
Т.Амарзаяа, сургагч багш З.Цогтгэрэл нар хамтран ажиллалаа.
СЭЭБХ ба сумын засаг даргын хамтын ажиллагаа
Үйл ажиллагааны эхэнд Орхон сумын засаг дарга Д.Бат-Эрдэнэ сургагч багш нартай уулзаж, өнгөрсөн хугацаанд СЭЭБХ-той хэрхэн хамтарч ажилласнаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “2017 оны 10 дугаар сард Архангай аймагт зохион байгуулсан “Харилцан суралцъя” бүсийн чуулганаас хойш СЭЭБХ-ны үйл ажиллагааны талаар маш их ойлголт авч дэмжиж, хамтарч ажиллахыг хичээж байна. Сайн сургуулийг дэмжих аргачлал (ССДА)-ын хүрээнд илэрсэн асуудлууд бүрэн шийдэгдсэн гэж үзэж болно. Мөн 2019 оны төсөв хэлэлцэхээс өмнө буюу 12-р сарын 4-ний дотор төсөвт тусгах саналаа ирүүлэхийг СЭЭБХ-нд сануулсан. Төсвийн санал ирэхийг хүлээж байна” гэлээ.
СЭЭБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо
Чиглүүлэгч багш нар СЭЭБХ-ны гишүүдтэй уулзаж, ССДА-ыг хэрэгжүүлсэн байдалтай танилцаж, тайланг эцэслэх арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Орхон сумын СЭЭБХ засаглалын орчны санал асуулгыг 2018 оны 4 дүгээр сард авсан байна. Тиймээс сэтгэл зүйн орчны ярилцлагуудыг зохион байгуулж, материаллаг орчны ажиглалт хийлээ. Үүний дараа тайланг нэгтгэх, баримт бичгийн дүн шинжилгээг багаараа хамтран гүйцэтгэв.
Үйл ажиллагааны хоёр дахь өдөр удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж, өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тайлан, ололт амжилт болон сургамж, бэрхшээлээ хэлэлцэн СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг дүрэмд заасан үндэслэлээр дахин сонгохоор шийдвэрлэв. Улмаар бүх гишүүдийн хурлыг зохион байгуулан Орхон сумын СЭЭБХ-ны сонгуульт албан тушаалтнуудыг шинээр томиллоо. Шинээр сонгогдсон бүрэлдэхүүнд чиглүүлэгчдийн зүгээс цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгсөн байна. Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдэд чиглүүлэгч багш нар хэрхэн амжилттай, үр дүнтэй ажиллах талаар зөвлөгөө өглөө. Мөн СЭЭБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд цаашид сумын идэвхтэй, зүтгэлтэй ажиллахаа илэрхийллээ.
Орхон сумын СЭЭБХ-ны УЗ-ийн бүрэлдэхүүн:
Удирдах зөвлөлийн дарга – М.
Мэндбаяр (ээж, хувиараа
хөдөлмөр эрхэлдэг)
Удирдах зөвлөлийн гишүүн –
Н.Нарангарав (ээж, малчин)
Удирдах зөвлөлийн гишүүн –
А.Алтанчимэг (ээж, сумын соёлын
төвийн үйлчлэгч)
Удирдах зөвлөлийн гишүүн –
О.Энхчимэг (бага ангийн багш)
Удирдах зөвлөлийн гишүүн –
П.Баярмагнай (дуу хөгжмийн багш)
Удирдах зөвлөлийн гишүүн –
Г.Цэцэгбаяр (бага ангийн багш)
Дотоод аудитын хорооны дарга – Д.Отгонбаяр (насан туршийн боловсролын багш)
Дотоод аудитын хорооны гишүүн – Ц.
Батцэцэг (бага ангийн багш)
Дотоод аудитын хорооны гишүүн – С.Эрдэнэцэцэг
(Цэцэрлэгийн нярав) нар тус тус сонгогдов.
Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.
"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр