“Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулган Архангай аймагт болно

2017-10-23
Хэвлэх

“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн “Харилцан суралцъя” бүсийн хоёрдугаар чуулганыг 2017 оны 10-р сарын 24, 25-нд Архангай аймагт зохион байгуулна.

Глоб интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслээс хамтран зохион байгуулж буй уг чуулганд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн 10 сургуулийн СЭЭБХ, ТББ-ын төлөөллүүд, орон нутгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцох юм.

Чуулганы эхний өдөр Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) бүр өөрсдийн амжилт ололт, сайн туршлагуудаа хуваалцахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн хамтын оролцоотойгоор даван туулах талаар харилцан санал солилцоно. Мөн төрийн байгууллагыг төлөөлөн оролцогчид СЭЭБХ-ны үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллахаас эхлээд төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангахад ямар ажлуудыг түлхүү хийх шаардлагатай байгаа талаар мэдээлэл солилцоно. Үүнээс гадна 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж буй Нийтийн сонсголын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнууд хэрхэн нийтийн сонсгол зохион байгуулж, түүнд иргэдийг татан оролцуулах талаар мэдээлэлтэй болж, иргэдийн тэгш оролцоог хангасан ил тод ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна.

Чуулганы хоёр дахь өдөр буюу 10-р сарын 25-нд оролцогч талууд хамтран боловсролын салбар дахь ил тод байдлыг сайжруулахад иргэдийн оролцоог саармагжуулж буй хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулахад чиглэсэн нэгдсэн зөвлөмж боловсруулна. Ингэснээр боловсролын салбарын бодлого боловсруулагчид болон бодлого хэрэгжүүлэх бүх шатны нэгжүүдэд эерэг өөрчлөлт авчрах алхам болох бөгөөд цаашлаад тухайн салбарт ил тод байдлыг бэхжүүлж, тогтвортой, чанартай, иргэдийн оролцоог бүрэн хангасан засаглалын хэлбэрийг засаг захиргааны нэгжүүдэд бий болгох үндэс бүрдэх юм.

2016 оны 11 дүгээр сарын 17, 18-ны өдөр Хөвсгөл аймагт болсон “Харилцан суралцъя” бүсийн анхдугаар чуулганд оролцогчид боловсролын төсвийн ил тод байдлын түвшинг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг оновчтой болгох, иргэдийг чадавхжуулах, улмаар иргэдийн хяналтыг тогтворжуулах зэрэг гурван чиглэлээр зөвлөмж гаргасан юм.

Боловсролд эцэг эхийн оролцоо
Эцэг эх, багш нар бусад оролцогч талуудтай бүтээлчээр хамтран ажилласнаар хүүхдийхээ хүмүүжил төлөвшил, сурлагын чанарт нөлөөлж болно гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна.

"Боловсролын чанарын шинэчлэл" төсөл: СЭЭБХ-ны тэтгэлэгт хөтөлбөр

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслөөс Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ)-дын   боловсролын салбарын шинэчлэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжин ажиллахаар боллоо. Үүнд дараах 28 СЭЭБХ-ны төслүүд хамрагдаж байна. Төсөл тус бүрийн  нэр дээр дарж бүрэн эхээр нь танилцах боломжтой.